АНУ-ын Калифорни муж улсын өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийн улмаас Лагуна далайн эрэг орчмын толгодод байрлах 20 орчим тансаг зэрэглэлийн байшин шатаж, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.
Тус бүс нутагт олон арван жил үргэлжилсэн ган гачигтай холбоотойгоор гал түймрийн улирал энэ жил эрт эхэлсэн бөгөөд Оранж Каунти хэсэгт өнгөрөгч лхагва гарагт дэгдсэн түймэр 80.5 га газрыг бүрхээд байгаа юм. Олон сая ам.долларын үнэтэй байшингууд нэг шөнийн дотор шатсаны дараа Лагуна Нигуэль, Коронадо Пойнт орчмын эргэн тойронд гал бөхөөгч бодисыг нисдэг тэргээр цацаж байгаа ба 900 орчим байшингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.
Галыг унтраахаар 500 гаруй гал сөнөөгч хүчин зүтгэж байгаа бөгөөд нэг гал сөнөөгч шархдан, эмнэлэгт хүргэгдсэн гэж албаныхан мэдээлжээ. Мөн ойн түймрийг бүрэн унтрааж чадаагүй байгаа ч түймрийг өдөөж буй хүчтэй салхи намжих төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлсэн юм.
Одоогоор энэхүү түймрийн шалтгааныг шалгаж байгаа ба Калифорнийн өмнөд хэсгийн ихэнх хэсгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг "Өмнөд Калифорнийн Эдисон" компанийн зүгээс "Гал түймэр гарахтай ойролцоо үед цахилгаан хэлхээний үйл ажиллагаа илэрсэн" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.