Шри Ланкад хоёр өдрийн дотор шинэ Засгийн газрыг томилж, улс төрийн тогтвортой байдлыг сэргээхгүй бол тус улсын эдийн засаг "эргэж буцалтгүй сүйрнэ" гэж Шри Ланкийн Төв банкны Ерөнхийлөгч Нандалал Верасингхе мэдэгджээ.
Түүний хэлснээр, сүүлийн өдрүүдэд иргэдийн эсэргүүцлийн жагсаал хурцдаж, хүчирхийлэл ихсэх болсон нь эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг замхруулснаас гадна огцорсон Ерөнхий сайдыг орлох хүн байхгүй байгаа нь асуудлыг хүндрүүлж байгаа аж. Тус улсын өрийн хямрал, гадаад валютын хомстлыг арилгахад чиглэсэн эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд улс төрийн тогтвортой байдал амин чухал гэдгийг тэрээр онцолсон юм.
Ноён Верасингхе энэ талаар "Хэрэв ойрын хоёр хоногт шинэ Засгийн газрыг байгуулахгүй бол эдийн засаг бүрэн сүйрэх бөгөөд хэн ч үүнийг аварч чадахгүй. Дараагийн нэг, хоёр долоо хоногийн дотор эдийн засаг бүрэн унах ба тэр үед хэн ч Шри Ланкийг аварч чадахгүй. Би Төв банкны Ерөнхийлөгчөөр ажиллалаа гээд тус болохгүй. Засгийн газрыг яаралтай байгуулах арга хэмжээ авахгүй бол би огцорно" хэмээн мэдэгдсэн байна.
Түүнчлэн, улс төрийн тогтвортой байдлыг тогтоож чадахгүй байсан ч тун удахгүй тус улсын бензин, дизель түлшний нөөц багасаж, иргэдийн жагсаал улам өргөжих аюултайг тэрээр нэмж хэлжээ. Энэхүү хурцадмал байдлын улмаас энэ долоо хоногт есөн хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан юм.
Нандалал Верасингхе Шри Ланкийн Төв банкны Ерөнхийлөгчөөр өнгөрсөн сард томилогдсоныхоо дараахан тус улсын 51 тэрбум ам.долларын гадаад өрийг төлж барагдуулах мөнгөгүй болсноо зарласан билээ. Тэрээр мөн арилжааны банкнуудын валютын хөрвөх чадварыг сайжруулахын тулд зээлийн хүүг бараг хоёр дахин нэмэгдүүлж, рупийн ханшийг хурдацтай сулруулсан аж.
Эх сурвалж: AFP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.