Одоогоос сарын өмнө Лондон хотоос Токио руу хийх “Japan” Эйрлайнсын нислэг цаг 10 минутын турш саатаж хойшилсон нь зорчигчдын уур бухимдлыг багагүй хүргэсэн. Шалтгаан нь ердөө согтуу нисгэгчтэй байсан учир нислэг үйлдэх боломжгүй байв.
“Japan” Эйрлайнсад ажилладаг 42 настай Кацутоши Жицукава нислэгийн өмнө баримтлах дүрэм журмыг зөрчсөн тул 10 сарын хорих ял оноолоо. Нисгэгч өөрийн гаргасан ёс суртахуунгүй үйлдэлдээ гэмшиж, тун их ичиж байгаагаа илэрхийлжээ.
Кацутоши 10 дугаар сарын 28-ны өглөө Лондоноос Токио хүрэх нислэгийн хамтран нисгэгч байв. Гэвч тэрээр нислэгийн өмнө заавал орох ёстой согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх шалгалтаар оролгүй 50 минут саатуулжээ. Нүд нь талимаарсан, амнаас нь их хэмжээний согтууруулах ундаа үнэртэж, хөл дээрээ тогтоход ч хэцүү байсан гэжээ. Эцэст нь шалгахад нислэг хийхийг зөвшөөрдөг хэмжээнээс бараг 10 дахин их согтууруулах ундаа илэрсэн байна.
Нислэгийн дүрмээр нисгэгчийн 100 мл цусанд 20 мг согтууруулах ундаа илэрвэл нисэхийг зөвшөөрдөг. Гэтэл хорих ял сонссон Кацутошийн 100 мл цуснаас 190 мг согтууруулах ундаа илэрчээ.
Энэ бол нислэгийн өмнөх бэлэн байдалд маш том хариуцлага алдаж Боинг 777 онгоцны 244 зорчигчийг цаг 10 минут саатуулсан ёс суртахуунгүй, бүдүүлэг үйлдэл гэж салбарын мэргэжилтнүүд нь үзсэн байна.
Ёс зүйтэй, өндөр соёлтой гэгддэг Япон улсын нисгэгч хариуцлага алдсан тохиолдол анхных нь биш юм. 2017 онд “Japan” эйрлайнсын нисгэгчид нислэгийн өмнө согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 19 тохиолдол гарчээ.
Эх сурвалж: www.bbc.com