АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 2-6-нд 604 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоод нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсэн байна. Эдгээрийн дотор олны анхаарал татсан, хоёр ч улстөрчтэй холбоотой хэрэг багтжээ.
Тодруулбал, Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Оюунбаатарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалтыг дуусгасан аж. Тэрбээр хүү О.Тэмүүжин, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга асан, Оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан нартай хамт эрүүгийн хэрэгт холбогдсон бөгөөд 2019 оны гуравдугаар сард шүүх хэргийг нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан юм. Тэд “Тэмээн поло-2016” тэмцээнийг Өмнөговь аймагт зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, Ц.Оюунбаатарын ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллага руу шилжүүлж авсан хэрэгт холбогдсон.
Мөн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Бейсенд холбогдох, хээл хахууль авч, албан тушаалаа урвуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн, шүүхэд шилжүүлэх санал НПГ-т хүргүүлсэн байна. Түүнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах замаар иргэнээс хахууль авсан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэнд давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй юм. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга болон гишүүд, тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэр бүхий эмч нар нь иргэдтэй бүлэглэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох, сунгахдаа хүмүүст давуу байдал олгосон, хахууль авсан, мөнгө нэхсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг итгэмжлэлээр авч, уг мөнгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө “угаасан”, нэр бүхий гэрчүүдийг зориуд худал мэдүүлэг өгөхийг ятгасан хэрэгт холбогдсон. Үүнд холбогдсон 51 хүний дотор УИХ-ын гишүүн Б.Бейсен багтсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.