Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан болон Санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогч Б.Долгормаа нар анхан шатны шүүхээс оноосон торгох ялыг эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчдийн хамт гомдол гаргажээ.
Тэдний гомдлыг тус шүүх маргааш хэлэлцэхээр товлоод байна. Эл хоёр албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн шаардлага хангаагүй, Сүхбаатар дүүрэгт оршин суудаг С.Л гэх хүнд тэтгэмж олгуулсан хэрэгт гэм буруутайд тооцсон юм. Тодруулбал, ажилгүй болохоос өмнөх 24 сараас доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаагүй, үүнээс сүүлийн есөн сард нь даатгалын шимтгэл тасралтгүй төлөөгүй, ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор харьяалах Нийгмийн даатгалын хэлтэстээ бүртгүүлээгүй зэрэг зөрчилтэй байхад нь хэлтсийнхээ орлого, шимтгэлийн байцаагчид нөлөөлөн, түүгээр тэтгэмж бичүүлж, цахим санд шивүүлэн 3.7 сая төгрөг олгуулсныг АТГ-ын мөрдөгчид шалгаж тогтоосон байдаг.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан болон Санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогч Б.Долгормаа нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, тус бүрийг нь 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.