"Поп-арт" урлагийн томоохон төлөөлөл болсон нэрт зураач Энди Уорхолын зурсан Мэрилин Монрогийн хөрөг зураг дуудлага худалдаагаар 195 сая ам.доллароор зарагдаж, 20-р зууны үеийн хамгийн үнэтэй урлагийн бүтээл болсон байна.
Уг хөрөг зургийг Уорхол 1964 онд Монрогийн алдарт гэрэл зургаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд "Christie's" дуудлага худалдааны компанийн зүгээс энэхүү бүтээлийг "дэлхийн хамгийн ховор бөгөөд ер бусын зургуудын нэг" гэж тодорхойлон, үнэ нь 200 сая ам.доллар орчимд хүрнэ гэж тооцоолоод байжээ.
Тэгвэл өнгөрөгч даваа гарагт болсон дуудлага худалдаагаар Мэрилин Монрогийн хөрөг зураг 170 сая ам.доллароор зарагдсан бөгөөд татвар, хураамжийг нэмсэн эцсийн үнэ нь 195 сая ам.доллар болсон аж. Энэ нь Америкийн урлагийн бүтээлд төлсөн хамгийн өндөр үнэ бөгөөд өмнөх дээд амжилтыг Уорхолын найз, өрсөлдөгч Жан Мишель Баскиягийн 110.5 сая ам.долларын үнэтэй бүтээл эзэмшиж байсан юм. Харин 20-р зууны үеийн хамгийн үнэтэй урлагийн бүтээлээр Пабло Пикассогийн 1955 онд зурсан "Les Femmes d'Alger" гэх зураг тодорч, 179.4 сая ам.долларын үнэд хүрээд байсан ч Энди Уорхолын зураг ийнхүү шинэ дээд амжилт тогтоосон байна.
"Блүүмберг" агентлагийн мэдээлснээр, энэхүү дуудлага худалдаанд АНУ-ын арт дилер Ларри Гагошин ялсан аж. Харин "Christie's" компани энэ удаагийн борлуулалтын бүх орлогоо дэлхийн өнцөг булан бүрт байрлах хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрийг бий болгох чиглэлээр ажилладаг "Томас ба Дорис Амманн" санд хандивлана гэж мэдэгджээ.
Тус дуудлага худалдаа нь тансаг зэрэглэлийн урлагийн зах зээлийн цар тахлын дараах үеийн төлөв байдлыг шалгах зорилготой бөгөөд ойрын хоёр долоо хоногт ийм төрлийн цуврал дуудлага худалдаа өрнөх төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.