Украин улс Европын Холбооны гишүүнээр элсэхэд хэдэн арван жил шаардлагатай гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ.
Тэрээр өнгөрөгч даваа гарагт ЕХ-ны Парламентад хандаж үг хэлэх үеэрээ Украиныг "Европын зэрэгцээ нийгэмлэг"-т нэгдэхийг санал болгосон бөгөөд ингэснээр ЕХ-ны гишүүн бус орнууд тус тивийн аюулгүй байдлын тогтолцоонд өөр хэлбэрээр нэгдэх боломжтой гэж онцолсон юм.
Ерөнхийлөгч Макрон энэ талаар "Украиныг ЕХ-ны гишүүнээр элсүүлэх үйл явц хэдэн жил, магадгүй хэдэн арван жил үргэлжилнэ гэдгийг бид бүгд сайн мэднэ. Үгүй гэвэл, бид аливаа улсыг элсүүлэх стандартаа бууруулж, Европын нэгдмэл байдлын талаар дахин бодох хэрэгтэй болно. Тиймээс, Украины хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийн тулд ЕХ-ны гишүүнчлэлийн хатуу шалгуурыг түдгэлзүүлэхийн оронд Европын зэрэгцээ хамтын нийгэмлэгийг авч үзэх хэрэгтэй. Энэ нь газарзүйн хувьд Европт байрладаг, бидний үнэт зүйлсийг хуваалцдаг улс орнуудыг бэхлэх арга зам" хэмээжээ.
Түүний өмнө мэдэгдэл хийсэн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен ЕХ-ны гүйцэтгэх засаглал Украины гишүүнчлэлтэй холбоотой эхний дүгнэлтээ ирэх 6 дугаар сард нийтэлнэ гэж зарласан аж. Харин Украин улс ЕХ-нд элсэх өргөдлийнхөө хоёр дахь хэсгийг Брюссельд хүлээлгэн өгснийг Киевийн албаныхан өнгөрөгч даваа гарагт мэдээлсэн юм.
Аливаа улс ЕХ-нд гишүүнээр элсэх тухай хэлэлцээ хийхэд ихэвчлэн хэдэн жил шаардагддаг ба нэр дэвшигч орон олон шалгуурыг хангаж буйгаа батлах ёстой. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус холбоонд нэн даруй элсэхийн тулд ЕХ-ны удирдлагыг тусгай журам ашиглахыг санал болгосон ч энэ нь амжилт олоогүй байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ийм амархан айчих гэж үү?! Украйныг л сумлаад байсан биз дээ? Та нарын сумлалтаар Оростой улаан халз байлдаад улс орноо үнс нурам болгоцон Зэлэнск одоо яах юм болж бн?!