Шри Ланкийн жагсагчид өнгөрөгч даваа гарагт Засгийн газрыг дэмжигчидтэй мөргөлдсөнийхөө дараа эрх баригч Ражапаксагийн гэр бүл болон Парламентын гишүүдийн гэрт халдаж, галдан шатаажээ.
Тус улсын Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулж чадаагүйн улмаас ноцтой үнийн өсөлт үүсэж, цахилгааны хязгаарлалт нүүрлээд байгаа билээ. Өнгөрсөн сараас хойш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалаас үүдэлтэй хурцадмал байдал энэ долоо хоногт дээд цэгтээ хүрсний дараа Ерөнхий сайд Махинда Ражапакса огцорсон ч энэ нь уурлаж бухимдсан олныг тайвшруулж чадаагүй юм.
Махиндагийн дүү, Ерөнхийлөгч Готабая Ражапаксаг ажлаа өгөхийг шаардсан иргэд болон Засгийн газрыг дэмжигчид нийслэл Коломбо хот дахь Махинда Ражапаксагийн оршин суух газрын гадна мөргөлдөж, улмаар ширүүн тэмцэл үүсжээ. Цагдаагийн шугамыг нэвтэлж, жагсагчид руу мод, саваагаар дайрсан Засгийн газрыг дэмжигчдийн эсрэг нулимс асгаруулагч хий, даралтат ус ашиглах шаардлагатай болсон аж.
PM Mahinda Rajapaksa’s ancestral home in Madamulluna has been set on fire. pic.twitter.com/JAN52w5Gxw
— DailyMirror (@Dailymirror_SL) May 9, 2022
Ингээд жагсагчид Ражапаксагийн гэр бүл, хэд хэдэн сайд болон Парламентын гишүүдийн эзэмшлийн байшин руу дайрч, галдан шатаажээ. Мөн Ерөнхийлөгчийн өргөөний ойролцоох бүс нутгийг шатаасан гэж албаныхан мэдээлсэн юм. Хэдий Ерөнхий сайд Махинда Ражапакса огцорсон ч иргэд түүний албан өргөө рүү нэвтрэхийг оролдон, ойролцоох автобусыг шатаасан бөгөөд цагдаа нар тэднийг тараахын тулд анхааруулах гал нээж, нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Энэхүү мөргөлдөөний улмаас таван хүн нас барж, 190 гаруй хүн шархадсан бөгөөд эрх баригчид хүчирхийллийг дарахын тулд орон даяарх хөл хориог ирэх лхагва гаргийн өглөө хүртэл сунгажээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.