ОХУ дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсан түүхэн үйл явдлын 77 жилийн ойн баярын цэргийн парад өнөөдөр Москва хотын Улаан талбайд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ үеэр Ерөнхийлөгч Владимир Путин Украинд үүсээд буй нөхцөл байдлын талаар ямар мэдэгдэл хийх нь дэлхий нийтэд хүлээлт үүсгээд байсан ч тэрээр Барууны шинжээчдийн таамаглаж байсан шиг албан ёсоор дайн зарлаж, эсвэл ялалтаа тунхаглаагүй. Тэрээр Ялалтын баярыг тэмдэглэн үг хэлэхдээ Украины нэрийг шууд дурдаагүй бөгөөд дайнд гарсан ахиц дэвшлийн талаар ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй юм.
Ерөнхийлөгч Путин Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн баатруудын алдрыг эргэн дурсахын зэрэгцээ Украин дахь армиа ялалт байгуулахыг уриалжээ. Түүнчлэн, Оросын олон цэргийн амь нас хохирсныг тэрээр хүлээн зөвшөөрөөд, амиа алдсан цэргүүдийн ар гэрийнхэнд туслахаа амласан байна.
Ноён Путин мэдэгдэлдээ "Манай цэрэг, офицерүүдмйн үхэл бол бидний хамтын уй гашуу бөгөөд тэдний ар гэр, найз нөхөд, төрөл төрөгсөд нь нөхөж баршгүй гарз юм. Оросын Засгийн газар, бүс нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагууд эдгээр гэр бүлд санаа тавьж, туслахын тулд бүхнийг хийх болно. Амиа алдаж, шархадсан нөхдийн үр хүүхдүүдэд бид онцгой дэмжлэг үзүүлэх ба өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурсан" гэж зарлажээ.
Харин Украинд үүсээд буй мөргөлдөөний талаар тэрээр "ОХУ олон улсын хамтын нийгэмлэгт амин чухал эрх тэгш, хуваагдашгүй аюулгүй байдлын тогтолцоог бий болгохыг үргэлж дэмжсээр ирсэн. Бид өнгөрсөн оны 12 дугаар сард аюулгүй байдлын баталгааны тухай хэлэлцээр байгуулахыг Барууны орнуудад санал болгосон ч эцэст нь бүх зүйл дэмий хоосон байсан. НАТО-гийн орнууд биднийг сонсохыг хүсээгүй. Учир нь, тэд үнэндээ огт өөр төлөвлөгөөтэй байсан ба бид үүнийг ойлгосон. Тэд Донбасст үйл ажиллагаа явуулж, Крымийн хойг зэрэг манай түүхэн газар нутгийг эзлэн түрэмгийлэх бэлтгэл ажлыг ил тод эхлээд байсан. Улмаар, бидний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй аюул заналхийлэл манай хил дээр шууд, зохион байгуулалттайгаар бий болсон. Иймээс, АНУ болон тэдний бага түншүүдийн дэмжлэгтэй неонацистуудтай мөргөлдөх нь зайлшгүй ядвал гэдэг нь тодорхой байсан" хэмээн тайлбарласан юм.
Ерөнхийлөгч Путин үргэлжлүүлэн "Би яг одоо манай Зэвсэгт хүчин болон Донбассын сайн дурынханд хандаж байна. Та нар эх орон болон ирээдүйнхээ төлөө тулалдаж, Дэлхийн хоёрдугаар дайны сургамжийг хэн ч мартахгүйн төлөө тэмцэж байгаа. Дэлхий дээрх цаазаар авагчид, шийтгэгчид болон нацистуудыг устгахын тулд" гэж тэмдэглэжээ.
Тэрээр ийнхүү Украин дахь нөхцөл байдлыг ЗХУ-ын нацист Германы эсрэг тэмцэлтэй зүйрлэсэн ч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "ОХУ өөрөө Украинд нацизмын цуст үйл ажиллагааг дахин бий болгож байгаа" хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW, Reuters, The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.