Өнөөдөр /2022.05.09/ ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд уламжлал ёсоор дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын баярын парад зохион байгуулагдана.
Түүх сөхвөл одоогоос 77 жилийн өмнө 1945 оны энэ өдөр фашист Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Дэлхийн II дайн Европт төгсчээ.
Гитлерийн Германыг буулган авсан гэрээнд үнэндээ бол тавдугаар сарын 8-нд, Европын цагаар 22:43 минутад гарын үсэг зурсан бөгөөд энэ мөчид Москвагийн цаг тавдугаар сарын 9-ний 00:43 минутыг зааж байв. Тийм учраас Европт тавдугаар сарын 8-ныг, Орос ба Зөвлөлтийн бүтцэд байсан орнууд, Зөвлөлтийн анхны холбоотон болох Монгол Улсад ч гэсэн тавдугаар сарын 9-нийг Ялалтын өдөр хэмээн тэмдэглэж иржээ.
Дэлхийн II дайны Зөвлөлт-Германы фронтод хийгдсэн гол тэмцлийг Орост "Аугаа эх орны дайн" гэж нэрлэдэг.
Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийн арга хэмжээ нь Оросын зэр зэвсгийн хүчин чадлыг дотооддоо төдийгүй дэлхий дахинд харуулах зорилготой байдаг.
Тэгвэл энэ жилийн Ялалтын баярын парадын цар хүрээ хумигдаж магадгүй байна. Учир нь ОХУ-ын зэвсэгт хүчний ихэнх нөөц Украины дайнд ид ашиглагдаж байгаа, мөн энэхүү дайны фронт дээр их хэмжээний хохирол амссантай холбоотой. Жишээ нь жил бүрийн парадад тэргүүн эгнээнд жагсдаг Росгвардийн бие бүрэлдэхүүний ихэнх хэсэг Украинд тулалдаж буй.
ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ жилийн парадад 129 машин техник, 10,000 цэрэг жагсахаар болжээ. 2021 оны парадад 191 техник, 12,000 цэрэг оролцож байсан юм.
Явган цэрэг тээвэрлэгч Курганец-25 хуягт тэрэгний тоо өмнөх жилтэй харьцуулахад 50 хувиар буурсан бол өмнөх жилээсээ цөөн тооны танк энэ жилийн парадад оролцоно. 2021 оны парадад байлдааны 23 нисдэг тэрэг оролцсон бол энэ жил 15 оролцохоор болжээ.
Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин олон нийтийн сэтгэл санааг өргөх, Украинд явуулж буй дайндаа дэмжлэг авах ямар нэг алхам хийнэ гэсэн хүлээлт дэлхий нийтэд хүчтэй байна
УЛААН ТАЛБАЙД БЭЛДЭЖ БУЙ ЯЛАЛТЫН БАЯРЫН ЖАГСААЛ /2022.05.08/
Үүнээс гадна энэ жилийн Ялалтын баярын өдөр Украинд албан ёсоор дайн зарлаж, бүх нийтийн цэрэг татлагыг эхлүүлж болзошгүй гэсэн таамаг Өрнөдийн судлаачдын дунд яригдаж байна. Гэхдээ ОХУ-ын засгийн газар үүнийг саяхан няцаасан билээ.
Эх сурвалж: The Moscow Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЯЛАЛТЫН БАЯРЫН ӨДРӨӨ л парадаа хийж байна гэдэг л ЯЛАЛТ шүү дээ.