Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрхний стресс эхо шинжилгээг тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэхийг зорьж байна.
Тус эмнэлгийн зүрх судлал, зүрхний шигдээсийн эмч, сувилагч мэргэжилтнүүд Люксембургийн Их Гүнт улсаас уригдан ирсэн "Зочин профессорын баг"-ийнхантай хамтран /2022.05.05/ добутамин эмтэй стресс ЭХО шинжилгээний анхны тохиолдлыг амжилттай хийлээ.
Тус шинжилгээнд зүрхний хуучин шигдээстэй, тэлэгч стент тавих боломжгүй, зүрхний ердийн ЭХО-д зүүн титмийн артерийн зоноор ханын хөдөлгөөн буурсан оноштой зүрхний титэм судас залгах мэс засал (CABG) эмчилгээнд орохоор төлөвлөгдсөн хоёр эмчлүүлэгчийг хамруулсан юм.
Эмчилгээний тактик сонгох, эмчилгээний гарах үр дүн үнэлэх зорилгоор добутамин эмтэй стресс эхо оношилгоог амжилттай хийж чадсанаар шинжилгээний дүнд мэс засал хийх эсэх шийдвэр, мэс заслын дараах эмчилгээний үр дүнг таамаглахад чухал ач холбогдолтой мэдээллүүдийг олж авч чадлаа хэмээн тус багийнхан хэллээ.
Зүрхний стрессийн эхокардиографийн шинжилгээ дасгалын болон эмийн ачаалалтай гэж хоёр төрөл байдаг. Энэ хоёр шинжилгээ аль аль нь дасгал хийлгэх эсвэл добутамин эмээр зүрхэнд стресс үүсгэснээр тайван байдалд ажиглагддаггүй зүрхний булчингийн хөдөлгөөн, цусны урсгалын өөрчлөлтийг шалгадаг шинжилгээний аргууд юм.
Добутамин эмийн бодисоор зүрхэнд ачаалал үүсгэн, аортын нарийсал, болон зүрхний булчингийн цус хомсролын хүндрэлийн зэргийг үнэлдэг ба добутамин нь зүрхний булчингийн эсэд нөлөөлж, агшилтын хүчийг нэмэгдүүлж, улмаар зүрхний цохилт, цусны даралтыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.
Ялангуяа зүрхний үйл ажиллагаа буурсан гол судасны нарийсалын үед ердийн зүрхний эхокардиографийн шинжилгээгээр өвчний хүндийн зэргийг нарийн тодорхойлох боломжгүй байдаг бол добутаминыг ашиглан гол судасны нарийсалыг илүү нарийвчлалтай оношлох боломжийг бүрдүүлдэг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.