Ирак улсад сүүлийн нэг сарын дотор долоо дахь удаагаа хүчтэй шороон шуурга дэгдсэний улмаас нэг хүн нас барж, 5,000 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ.
Өнгөрөгч ням гарагт болсон шуурганы улмаас албаныхан Багдад болон Нажаф хотын нисэх онгоцны буудлуудыг хааж, нислэгүүдийг цуцалсан бөгөөд гуурсан хоолойн багтраа болон бусад архаг өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн юм. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Багдад мужийн 2,000 орчим оршин суугчид "амьсгал боогдох" шинж тэмдэг илэрсэн аж.
Одоо тус улсын бүх эмнэлгийн байгууллага бэлэн байдалд ажиллаж байгаа ба амьсгалахад хүндрэлтэй болсны улмаас хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна. Эдгээр өвчтөний ихэнх нь гуурсан хоолойн багтраа зэрэг архаг өвчтэй, өндөр настан бөгөөд дийлэнх нь хүчилтөрөгч болон бусад эмчилгээ хийлгэснийхээ дараа эмнэлгээс гарчээ.
Иракт зуны саруудад шороон шуурга элбэг тохиолддог ч уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж эдгээр шуурга илүү ойр ойрхон болж байгааг зарим шинжээч онцолж байна. Ирэх хэдэн арван жилийн дараа тус улс нь жил бүр "272 хоногийн тоосжилттой" нүүр тулж магадгүй гэж Байгаль орчны яамны мэргэжилтэн нь анхааруулжээ. Бүс нутгийн ган гачиг, цөлжилт болон хур тунадасны асуудалтай холбоотойгоор ийм төрлийн шороон шуурга илүү ойр ойрхон болох төлөвтэй байгаа юм.
Сүүлийн жилүүдэд Иракт хур тунадас багасахын зэрэгцээ зуны температур нь 50 хэмээс тогтмол давж байгаа. Түүнчлэн тус улсын усны нөөц өнгөрсөн жилийнхээс аль хэдийн 50 хувиар буурсан бөгөөд усны хэрэглээний ихэнх хэсгийг хангадаг амин чухал Тигр, Евфрат голууд 20 жилийн дотор ширгэж болзошгүйг мэргэжилтнүүд онцолжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.