Монгол Улсын хууль тогтоомжууд дахь хүний эрхийн зөрчилтэй 800 заалтыг шинэчилж, хүний эрхийн хамгаалалыг дээшлүүлэх нь Улсын Их Хурал болон Засгийн газрын хамгийн том зорилт. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн хамтран "Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулжээ.
Хэлэлцүүлгээр 27 жил мөрдөгдөж байгаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрхэн шинэчлэн найруулах талаар хэлэлцсэн байна. Тухайн хуулийн 50-иас дээш хувьд өөрчлөлт оруулбал тэр хуулийг бүрэн шинэчлэн найруулах нөхцөл үүсдэг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 зүйл, заалт нь хүний эрхийг зөрчиж байгааг судлаачид үзэж байгаа юм. Үүнийг засч сайжруулж хүний эрхийг хамгаалах нь чухал. Тиймээс уг хуулийг шинэчлэн найруулах нөхцөл бүрдсэн юм.
“Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх” цуврал хэлэлцүүлэгийн гол зорилго нь УИХ-аас баталсан “Алсын хараа 2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд туссан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох, хүний эрхийг дээдэлсэн эсэхийг тодорхойлоход оршиж байгаа. Хууль зүй дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн хамтран Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг иргэдэд нээлттэйгээр хэлэлцүүлжээ. 1994 онд батлагдсан энэ хуулинд байгаль орчныг хамгаалах болон хүний эрхийн хамгаалал дээр олон зөрчил байгааг мэргэжлийн түвшинд хэлэлцээд, зайлшгүй шинэчлэн найруулах ёстой гэж хуульчид үзэж байна.
Тухайн бүс нутгийг тусгай хамгаалалтанд авах нь ирээдүй хойч үедээ байгаль орчныг онгон дагшин хэвээр нь өвлүүлэх гэдэг утгаараа хүний асуудал яригддаг ч яг цаг үед амьдарч байгаа нутгийн уугуул иргэдийн эрх ашгийн хамгаалал орхигдох хандлагатай байдаг.
Тухайлбал: Малчдын хувьд малын бэлчээрийн газар, хадлан бэлтгэх талбайг тусгай хамгаалалтанд авсанаар тухайн бүс нутагт мал аж ахуй хөгжих боломжгүй болж улмаар иргэд нүүн шилжиж өөр малчдын бэлчээр, хадлангийн газарт нутагших нөхцөл үүсдэг.
Мөн үүнээс гадна тухайн бүс нутгийг хамгаалж байгаа 800 орчим байгаль хамгаалагчдын эрхийн асуудал ч энд тусгагдаж байгаа. Тухайлбал нийгмийн хамгааллын асуудал. Байгаль хамгаалагчдын 1 жил ажилласан хугацааг 1.2 жилээр бодож тооцох асуудлыг шинэчилсэн найруулгад тусгаж өгчээ. Өнөөдөр мөрдөгдөж байгаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Монгол улсын нийт газар нутгийн 21 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг болгон хамгаалж байгаа бөгөөд цаашид энэ хувь хэмжээг 30 хувь болгох зорилттой юм. Өнөөдөр хэлэлцүүлэгдэж байгаа энэхүү хуулийг ирэх намрын чуулганаар оруулан хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд иргэд, олон нийтийн саналыг чөлөөтэй авч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тусгай хамгаалалттай газрынхаа унасан мод болон хусан ойг (яаралтай) цэвэрлүүлэх талаар хуульд оруулж өгнө үү, өвс ургамлын хамгийн муу өвс нь шарилж бол модонд хус бдаг гэж хүнээс сонслоо, энэ яамны нөхдүүд мэдэж бгаа даа яагаад цэвэрлэгээ хийхгүй, бга юм бэ??? Хусаа, унасан моднуудаа яаралтай цэвэрлүүл Богд хан ууланд маш их мод унасан бна шүү,