БНХАУ-ын "Алибаба" группийн байрладаг Ханжоу хотын цагдаа нар "Ма" овогтой этгээдийг үндэсний аюулгүй байдлын асуудлаар саатуулсан гэх мэдээлэл орон нутгийн хэвлэлүүдээр тархсаны дараа тус компанийн хувьцааны ханш 9.4 хувиар унасан байна.
Хятадын төрийн мэдлийн "CCTV"-ийн мэдээлснээр, сэжигтнийг "Салан тусгаарлахыг өдөөж, төрийн эрх мэдлийг урвуулахын тулд хилийн чанад дахь Хятадын эсрэг дайсагнагч хүчинтэй тохиролцсон" гэх үндэслэлээр өнгөрөгч 4 дүгээр сарын 25-нд саатуулсан байна. Энэхүү мэдээлэл бусад хэвлэл, олон нийтийн сүлжээгээр тархсаны дараа хүмүүс уг этгээдийг "Алибаба"-гийн үүсгэн байгуулагч Жэк Ма гэж таамаглан, хувьцаагаа яаравчлан зарсан бөгөөд улмаар тус компанийн зах зээлийн үнэлгээнээс 26 тэрбум ам.доллар хасагджээ.
Тэгвэл "Global Times" сонины Ерөнхий редактор асан Ху Сижин өөрийн "Weibo" хуудаснаа тодруулга бичиж, саатуулагдсан эрэгтэйг Жэк Ма биш гэж онцолсон байна. Түүний хэлснээр, сэжигтэн этгээд нь 1985 онд Вэнжоу хотод төрсөн бол Жэк Ма 1964 онд Ханжоу хотод төрсөн юм.
Үүний дараа "Алибаба"-гийн хувьцааны ханш эргээд сэргэж, өдрийн эцэс гэхэд ихэнх алдагдлаа нөхсөн ч энэ явдал нь олон улсын шинжээчдийн анхаарлыг татаад байна. Нэгэн цагт Хятадын хамгийн нэр хүндтэй тэрбумтан байсан Жэк Ма төрийн аюулгүй байдлын хэрэгт холбогдоно гэдэгт хөрөнгө оруулагчид ийм хурдан итгэсэн нь Хятадын одоогийн улс төрийн бодит байдлыг илчилж байгаа юм. Тус улсын Засгийн газар 2020 оны сүүлээс технологийн салбарт хатуу хяналт, шалгалт хийх болсноор хөрөнгө оруулагчид маш болгоомжтой болоод байгаа билээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.