Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2020-2022 онд Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг 2020 оны нэгдүгээр сард танилцуулах үеэр агаарын дүүжин гүүрийн талаар анх ярьсан байдаг. Энэхүү төслийг БНФУ-ын 60.7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ гэдгээ мэдэгдэж байв.
Эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3, 4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу "Cable car" барихаар төлөвлөж байв. Мөн, Баянхошуунаас-Амгалан-Офицер чиглэлд цахилгаан соронзон галт тэргийг хотын төвийн зам дагуу явуулахаар төлөвлөөд байгаа гэдгээ дуулгаж байв.
Улмаар “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 23.3 тэрбум төгрөгийг Франц Улсын компани руу шилжүүлсэн байдаг.
Францын “Пома групп”-ийн данс руу 23.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн баримт ил болоод байхад Хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайхан мэлзэж, “Би мэдэхгүй, сонсоогүй юм байна” хэмээснээ “Ковидоос болоод ажил нь удааширчихлаа. ”Ажил нь удаашрахгүй бол 2021 оны 3 сард ашиглалтад орно” хэмээн батлан хэлж байсан нь цагаан дээр хараар үлджээ.
Дүүжин тээвэр төслийг хэрэгжүүлэхийн тулд НИТХ-ын тогтоолоор “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг нийт есөн хүний орон тоотойгоор байгуулж тэдний цалин хөлс, техник хэрэгсэл, түрээсийн төлбөрт нь 2020 оны зургадугаар сараас эхлэн бидэнд мэдэгдэж байгаагаар 2021 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд сар бүр 31,616,700 төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн төрийн сангаас шилжүүлэн ажиллуулсаар өнөөдрийг хүрсэн байдаг.
Гэтэл төсвийн мөнгийг үргүй зарсан нь батлагдаж өнөөдөр энэ газар татан буугджээ. Зөвхөн “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын цалин хөлсөнд л гэхэд татвар төлөгчдийн 347,783,700 төгрөгийг хий дэмий зарцуулчихлаа.
Эдгээр хүмүүсийн ажиллах компьютер, суух ширээ сандал, оффисийн тоног төхөөрөмж, байрлах байрны түрээсийн зардлыг нэмбэл нийтдээ хагас тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан байж таарах нь.
Тэгвэл энэ их мөнгө хөрөнгийг салхинд хийсгэсний хариуцлагыг хэнээс нэхэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ төслийг санаачлан эхлүүлсэн С.Амарсайханаас уу, эсвэл таслан зогсоосон Д.Сумъяабазараас уу?!
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.