Европын Холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний шинэ багцаа боловсруулсан бөгөөд үүний хүрээнд тус улсын газрын тосны импортыг бүрэн хориглож, дайны гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүст хориг тавихыг санал болгожээ.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейений хэлснээр, уг багц нь Орост үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Европт тулгарах хохирлыг багасгах зорилготой аж. ЕХ нь Оросын газрын тос, байгалийн хийнээс хэрхэн хараат бус болохоо сүүлийн хэдэн долоо хоногийн турш хэлэлцсэн билээ. Тус холбооны гишүүн улсууд 2022 оны эцэс гэхэд Оросын хийн импортыг гуравны хоёроор бууруулах амлалт өгсөн бол шинэ багцын дагуу Оросын түүхий нефтийн хэрэглээг зургаан сарын дотор зогсоож, энэ оны эцэс гэхэд боловсруулсан бүтээгдэхүүнээс нь татгалзахаар төлөвлөж байгаа юм.
Энэхүү шинэ багцыг эхлээд ЕХ-ны Элчин сайд нар батлах ёстой бөгөөд тэд ойрын хэдэн хоногт гарын үсэг зурах төлөвтэй байна. Гэхдээ Унгар улс уг саналыг эсэргүүцсэн бөгөөд харин Чех, Словакийн Засгийн газар шилжилтийн үеийг хүсжээ. Унгарын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Золтан Ковач энэ талаар "Тэдний санал болгож буй зүйл нь Унгарын ашиг сонирхолд харшилна гэдгийг тэд маш сайн мэдэж байгаа ... хэрэв бид үүнийг хийвэл Унгарын эдийн засгийг сүйрүүлэх болно" хэмээн тэмдэглэсэн байна.
ЕХ-ны зүгээс ОХУ-ын газрын тосыг хориглохоос гадна Буча, Мариуполь дахь дайны гэмт хэрэгт сэжиглэгдсэн цэргийн офицеруудын эсрэг хориг арга хэмжээ авахаа хатагтай Урсула фон дер Лейен мэдэгдсэн юм. Түүнчлэн Оросын төрийн мэдлийн гурван том телевизэд хориг тавихаар төлөвлөж буйгаа тэрээр дурджээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.