СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2022-05-05

Алс баруун хязгаараас амьдралаа эхлүүлсэн хилчин гэр бүл

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Цэв цэнхэр тэнгэрт хөвөн цагаан үүлс нүүж, чимээ анирдах уудамд талын салхи сэвшээнэ. Ширхэг чулуу, атга шороо хүртэл  эх орон минь гэж шинэхэн цэрэг хилийн зурвасаа манан зогсоно. Манай сурвалжлах баг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Зам бэлхийн заставыг зорилоо.

Биднийг очиход  говийн тал нутагт торойн харагдах хэдэн байшин угтав. Говь хангай хосолсон алтай нутгийн хязгаарт байрлах буйдхан заставт аж төрж, эх орныхоо торгон хилийг сахин хамгаалах эрхэм үүрэг өвөртлөн яваа хилчин залуусыг хараад бахархах сэтгэл төрж байлаа. Амар амгалан, нам гүм орших заставын буйдхан хашаанд нүднээс нь инээмсэглэл тодорсон ирээдүйн бяцхан хилчид аз жаргалтайгаар тоглож харагдана. Тэд бидэнтэй өмнө нь уулзаж байсан мэт дотноор угтаж авсан юм.

Зам бэлхийн застав нь отрядын төвөөсөө  алслагдмал оршдог бөгөөд  Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг аж. Уг застав нь арвин түүхтэй.

Тодруулбал, дайн болоход өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо төлөө халуун амиа өргөсөн эрэлхэг дайчид Зам бэлхийн заставынх. Мөн Зам бэлхийн застав нь энэ цэрэг эрсийг ахалж явсан хилчин Х.Жүрмэдийн нэрэмжит аж. Тус заставт алба хааж байгаа цэргүүд Баянхонгор аймгаас ирсэн байна. Мөн Зам бэлхийн застав 2018 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одон хүртжээ. Түүнчлэн 2018-2019  онд отрядынхаа тэргүүний заставаар шалгарч, Монгол Улсын амгалан тайван байдал, ирээдүйг бүтээхийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа олон хилчин, цэрэг эрс энэ заставт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга болон удирдлагууд Эрдэнэ сумын хил дээр алба хааж буй тус хамт олонд мотоцикль гардуулж өглөө.

Онгон дагшин тал нутгийг туулж, сахин хамгаалж буй тэдэнд цаг хугацааг хурдан туулах хурдан унаа зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг аж. Энэ үеэр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хилчиддээ хандаж хилийн тэнгэр цэлмэг байж, ажил үйлс нь үргэлж дэлгэрч явахын ерөөл тавилаа. Түүнчлэн Говь-Алтай аймгийн хоёрдугаар заставын хамт олонд  байгалийн гамшиг тохиолдож  хоёр айл гэр нь шатсныг аймгаас шийдсэн байна. Мөн Бургастайн заставын хамт олонд хил хамгаалах ажилд нь зориулж мотоцикль өгчээ.

ХИЛИЙН АМЬДРАЛ, МЭРГЭЖИЛДЭЭ ХАЙРТАЙ

Алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн хилээс амьдралаа эхлүүлж, өдгөө Алтай нутагт хуваарилагдан ирсэн хилчин гэр бүлийн төлөөлөл Э.Лхагвасүрэн, Л.Насанжаргал нарын амьдралын замналыг хуваалцсан юм. Гэрийн эзэн Э.Лхагвасүрэн Зам бэлхийн заставын захирагч, эхнэр нь ахлах холбоочноор ажилладаг аж. Тэрбээр Хилийн цэргийн дээд сургуулийг 2010 онд  цэргийн сэтгэлзүйч мэргэжлээр төгссөн байна.

Тэд оюутан байхдаа танилцжээ. Э.Лхагвасүрэн сургуулиа төгсөөд Баян-Өлгий аймагт ажиллах томилолт өвөртөлж, баруун хязгаарын цэргийн заставаас тэдний амьдралын замнал эхэлсэн аж. Баруун хязгаарт таван жил ажиллаж дараа нь Өмнөговь аймгийн Овоотын отрядад томилогдсон байна. Энэ тухай эхнэр нь “Хилийн тухай  ямарч ойлголтгүй байсан. Анх Баян-Өлгий аймаг руу томилогдоход нөхөр маань хил гоё газар байдаг гэж надад хэлж байсан. Би Баянхонгор аймгийн уугуул. Анх хил дээр очиход цөөхөн хүнтэй, буйдхан газар санагдаж байсан ч  хүмүүсийн халуун дотно уур амьсгал, орчин намайг хилийн амьдралд дуртай болгож, цэргийн хүн болох мөрөөдөлтэй болгосон. Одоо заставааасаа холдоод гэртээ очихоор хурдхан л хилдээ очмоор санагддаг. Хилийн амьдрал, мэргэжилдээ хайртай” гэлээ.

ХИЛИЙН АМЬДРАЛД ДАССАН БҮСГҮЙ ХОЛБООЧИН БОЛОВ

Тэд 2018 онд Говь-Алтай аймгийн Зам бэлхийн заставт нүүж иржээ. Тухайн үед нөхөр нь заставын орлогч захирагч, эхнэр нь тогоочоор ажиллаж байж. Удалгүй эхнэр нь цэргийн хүн болох мөрөөдлөө биелүүлж, холбоочин мэргэжил эзэмшжээ. Ийн нөхрөө дагаж, хилийн тухай ямар ч ойлголтгүй алс баруун хязгаараас амьдралын замналаа эхэлж байсан ч цэргийн хүн болжээ. Тэрбээр мөрөөдлөө биелүүлж, цэргийн хүн болсныхоо дараа анх дүрэмт хувцсаа өмсөхөд огшсон мэдрэмж төрж, үүнийгээ дагаад их үүрэг хариуцлага ирж байгааг ойлгосон гэв. Холбоочин мэргэжил нь Монгол Улсын хил дээр хилийн манаанд үүрэг гүйцэтгэхэд холбоо станцаар харилцахад бэлэн байдлыг хангах чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Ийн бие биеэ түшиж, бүтээж яваа үлгэр дууриал болсон залуу гэр бүл эх орныхоо торгон хилд аж төрөн амьдарч байна.

ЭМЭГТЭЙЧҮҮД ИНТЕРНЭТЭЭС  ХООЛ, АМТТАН ХИЙХ ЖОРЫГ ХАРЖ СУРАЛЦДАГ

Зам бэлхийн заставын хувьд цахилгаан, интернэтийн асуудал шийдэгджээ. Мөн хүнсний хангамжийг цаанаас нь өгдөг байна. Ингэхдээ будаа, гурил гэсэн 90 гаруй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс сонголттой авах боломжийг бүрдүүлж өгчээ. Энэ талаар эхнэр Л.Насанжаргал “Анх Баян-Өлгий аймагт нөхөр маань хуваарилагдаж, хил дээр очиход цахилгаангүй байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам хилчдийнхээ амьдрал ахуйд санаа тавьж, ая тухтай амьдрах боломжийг  бүрдүүлж өгч байгаа. Бид ам бүл дөрвүүлээ. Анх Баян-Өлгий аймгийн заставт анхны хүүхдээ өлгийдөж авсан. Харин бага хүү минь Алтай нутагт ирээд төрсөн. Том охин нь  Өмнөговь аймгийн Гурван тэс суманд сурдаг. Хэчнээн алс хязгаарт байгаа ч гэсэн охинтойгоо  интернэтээр дүрсээ хараад ярьдаг болохоор санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломж өгдөг. Мөн охин маань застав дээр ирээд интернэтээр багштайгаа холбогдож даалгавраа хийдэг. Бас хилчин эмэгтэйчүүд интернэтээс хоол, амттан хийх жорыг харж суралцдаг" гэж байлаа.

ХИЛЧДИЙН ГЭР БҮЛИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХАД АНХААРДАГ

Хэчнээн алслагдсан  газар амьдарч байгаа хэдий ч хөгжилд хөл нийлүүлэн алхах боломж, амьдрах орчин бүрдүүлж өгч байгаад талархдаг гэдгээ нийтлэлийн баатар Э.Лхагвасүрэн онцоллоо. Тэрбээр “Дээрээс томилолтын тушаал ирвэл хаана ч байсан очиж үүргээ гүйцэтгэх нь цэрэг хүний ажлын онцлог,  өргөсөн тангараг юм. Зарим хүн алс хол амьдрах хэцүү биш үү гэж асуудаг. Эх орныхоо хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, Монгол Улсынхаа хилийн багана дээр очих бүрт омогших сэтгэл төрж, мэргэжлээрээ бахархдаг. Хилчдийг эх орон, ард түмнийхээ  амар тайван амгалан байдлыг хангаж ажиллах хугацаанд арын асуудлыг заставын эмэгтэйчүүд хариуцаж байдаг.

Заставын амьдрал энгийн боловч тансаг, аз жаргалтай. Бид нэг хамт олон, нэг гэр бүл  шиг болж  бүгд нэгнийгээ ойлгож, гар нийлэн ажилладаг. Отрядын төв дээр шинээр татагдаж буй цэргүүдэд эх орон үзлийг  төлөвшүүлэх хүмүүжлийг олгох зорилгоор сургалт зохион байгуулдаг. Ер нь хугацаат цэргийн алба хааж байгаа залуус  эх орноо хамгаалах чин хүсэлтэй  ирдэг юм. Анх хилийн цэрэг гэх томилолт өвөртлөөд хил дээр ирж буй залуус эх орныхоо хил дээр очиж, манаанд гарахдаа омогших мэдрэмж төрдөг гэдгээ хэлдэг. Тиймээс манай застав дээр янз бүрийн зөрчил гардаггүй. Мөн хил хамгаалах байгууллагаас гэр бүлийн тогтвортой байдлыг бий болгохын тулд хил дээр хуваарилагдаж ирсэн залуу гэр бүлийг ажлын байраар хангах тал дээр чухалчилж ажилладаг. Хэрэв томилолт аваад хилд хуваарилагдсан ч гэсэн гэр бүлийн хүн маань ажилгүй бол хэцүү шүү дээ.  Ажилгүй байхаар өөр газар очиж, тусдаа ажиллах болно. Хол байхаар хүүхдүүдээ санана гээд асуудал их” гэлээ.

Хилчин  гэр бүлийн маань хувьд Монгол Улсынхаа хилийн халдашгүй дархан байдлыг  хангах үйлсэд  багагүй хугацааг зарцуулж энэ л замналд эргэлт буцалтгүй амьдралаа холбосон учраас цаашдаа мэргэжлээ  дээшлүүлэн суралцаж, дарга нар шигээ чадварлаг боловсон хүчин болох  гэгээн зорилготой гэцгээж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 90 (6822)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
64.119.19.25

Цалингаа сайн хураана шүү. Ирээдүй, хүүхдүүд, тэтгэвэр... асуудлууд их гарна. Залуу нас зөрөөд өнгөрөх хүмүүс шиг одно...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.