Украинд үүсээд буй нөхцөл байдлын улмаас тус улсын дэд бүтцэд долоо хоног тутамд 4.5 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа бөгөөд бодит тоо нь энэхүү тооцооллоос их байж магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Киевийн Эдийн засгийн сургуулийн нэгтгэсэн үзүүлэлтээр, ОХУ Украинд цэргийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус улсын олон мянган зам, барилга байгууламж, нийтийн аж ахуй тэсрэх бөмбөгийн халдлагад өртөж, дэд бүтцийн шууд хохирлын нийт хэмжээ нь 92 тэрбум ам.долларт хүрчээ.
Эдгээр хохирлыг засварлаж, сэргээн босгоход өндөр өртөгтэй байх нь тодорхой. Тиймээс Киевийн Эдийн засгийн сургууль ийм төрлийн хохирлын талаарх олон мянган тайланд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр "Орос төлнө" гэх төслийг боловсруулж байгаа аж. Тодруулбал, 33 мянган квадрат метр талбай бүхий орон сууцны барилга пуужин, бөмбөгдөлт болон бусад халдлагад өртсөн нь нийтдээ 30 тэрбум ам.долларын өртөгтэй юм. Түүнчлэн, 23 мянга гаруй км зам их бууны довтолгоонд өртсөнөөс гадна олон тэрбум ам.долларын үнэ бүхий 90 мянга орчим автомашин эвдэрсэн байна.
Дэд бүтцийн хохирлоос гадна ДНБ-д үзүүлэх нөлөө, хөрөнгө оруулалтын зогсонги байдал болон олон сая хүн эх орноосоо дүрвэж, ажилтнууд гадагшаа гарч байгааг харгалзан үзэхэд дайнаас үүдэлтэй эдийн засгийн нийт зардал 600 тэрбум ам.доллар болох бөгөөд энэ нь Украины жилийн ДНБ-ээс бараг дөрөв дахин их хэмжээ юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.