Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар:
-Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,
-Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-Концессын гэрээ цуцлах болон бусад арга хэмжээний тухай,
-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хуралдаанаас ямар, ямар онцлох шийдвэр гарсныг та бүхэнд шууд дамжуулан хүргэж байна.
Монгол улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай уулзсан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын дэмжих, жуулчдыг татах зорилготой хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Нэгт, УБ-Франкфурт чиглэлийн нислэгийг нэмэгдүүлэх, долоо хоногт таван удаа нислэг үйлдэхээр боллоо. Алдагдалтай чиглэл учир МИАТ ТӨХК-нд татаас өгөхөөр шийдвэрлэлээ.
Монгол улсад аяллаар ирэх БНСУ-ын иргэдийг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал,
Монголд аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 90 хүртэлх хоногоор визгүй зорчуулах бөгөөд энэ оны зургаадугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хүчинтэй байна.
Цар тахал гарахаас өмнө БНСУ-аас манай улсад жилд 100 мянга орчим иргэн ирдэг байсан. Энэ тоо ихсэх хандлагатай байгаа учир тухайн шийдвэрийг гаргасан байна. Харин манай улсын иргэд БНСУ-д зорчих асуудлыг хөнгөвчлөхөөр ГХЯ БНСУ-тай дипломат шугамаар үргэлжлүүлэн ярилцаж байгаа аж.
Харин Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам 88.4 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа тул 2022 оны аравдугаар сард багтаан ашиглалтад оруулна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил 76.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа тул 2022 оны долдугаар сард иж бүрнээр нь ашиглалтад оруулна гэж ЗТХЯ-наас мэдээлжээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Хөгжлийн банкны чанаргүй зээлээс өчигдрийн байдлаар 165 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Дараа жил "Евро" бондын 500 сая ам.доллар, "Самурай" бондын 725 тэрбум төгрөгийг төлнө. Онцгой анхаарах нь "Самурай" бонд. Яагаад гэвэл, Засгийн газраас баталгаа гаргасан, татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл үүсээд байна. Татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэхгүй гэвэл зээлийг нь богино хугацаанд төлүүлэх шаардлагатай байна.
Иймд хуулийн байгууллага /ЦЕГ, АТГ, ШЕЗ, УЕПГ, НПГ, ШШГЕГ г.м/-аас бүрдсэн ажлын хэсэг байгуулаад байна. Хуулийн байгууллагын оролцоо их чухал байна. Албадлагын арга хэмжээ ч авах байх, бизнесийг нь үргэлжлүүлж зээлээ төлүүлэх арга хэмжээ ч авах байх.
-Худалдаа хөгжлийн банкны талынхан зээлээ төлье гэсэн албан бичгийг ирүүлсэн байна лээ. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?
-ХХБ-ны хамаарал бүхий Кью Эйс Си ХХК-тай холбоотой хоёр асуудал бий. Нэг нь "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн төлбөрийг Засгийн газраас төлөх шийдвэр. Тус компанид холбогдох "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төлөх ҮХЦ-ийн шийдвэр гарсан, УИХ-аас Засгийн газарт чиглэл өгсөн. Гурван ч Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус компанийхантай хуралдаж, төлбөрийг харилцан суутгахаар тохирсон байдаг. Үүнд, Хөгжлийн банкны зээлийг суутгах ч багтсан. Хоёрт, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Кью Эйс Си ХХК концессын гэрээгээр авсан. Тус гэрээг Засгийн газраас цуцалсан байгаа. Тэгэхэд нь тус компанийнхан юу гэж хэлдэг вэ гэхээр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зээлийг хариуцах ёстой гэдэг. Энэ мэтийг шийдвэрлэх нь хугацаа орох гээд байна. Гэтэл Хөгжлийн банкны чанаргүй зээлийг хурдан төлүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.