СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-04

Улаанбаатарын ужиг асуудлыг шийдэх Богдхан төмөр зам төсөл

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Хүн амын төвлөрөл боломжит нөхцлөөсөө хэдийнэ хэтэрсэн Улаанбаатар хотын бэрхшээлтэй олон асуудлаас нимгэлэх нэг чухал гаргалгааг сүүлийн үед дахин эрчимтэй ярьж эхлээд байна. УБТЗ-ын Мандал өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөнд холбогдох Богдхан төмөр замын арав гаруй жил яригдсан, хүлээлт үүсээд удаж буй төсөл дахин анхаарлын төвд орлоо.

Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах, барилга бүтээн байгуулалтын ажлыг хурдан эхлүүлэхийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн салбарын удирдлагад үүрэг болгоод байгаа юм. ТЭЗҮ-ийг нь оновчтой хувилбараар боловсруулж дуусвал ойрын гурван жилд багтаан уг төмөр замыг барьж ашиглалтанд оруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нийслэлийн дэд бүтцийн бэрхшээл, ачааллыг хөнгөлөхөд онцгой хувь нэмрээ оруулах, .

Төслийн зайлшгүй хэрэгцээ ба одоогийн төмөр зам

Хэт төвлөрлөөс үүдсэн агаар, орчны бохирдол, дуу чимээний бохирдол, ажилгүйдэл, ядуурал, энэ бүхнийг дагасан нийгмийн бухимдал болон эдийн засгийн маш олон сөрөг үр дагаврыг хотын иргэд өөрсдөөсөө шалтгаалахгүй байдлаар амсаж байгаа.

Одоо Улаанбаатар хотын төв хэсгээр нийт 35 километр урттай төмөр зам дайран өнгөрдөг бөгөөд үүгээр хойд, урд хөрш рүү гарах транзит ачаа ч явж байдаг. Нэг ёсондоо Улаанбаатар хотод орж ирэх шаардлагагүй ачаа хотын түгжрэлд нэрмээс болдог гэсэн үг. Хотын төвөөр хоногтоо хойноос урагш 14-16, урдаас хойш чиглэлд 16-18 хос галт тэрэг явж өнгөрдөг бөгөөд үүнээс шалтгаалан өдөрт 120-160 минут авто замын хөдөлгөөн зогсдог гэсэн тооцоо бий. Тэгвэл энэ төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийг хотын дундуур явуулалгүй Богд уулын урдуур тойруулан гаргах боломжтой болох юм. Харин одоогийн шугамыг нийтийн тээвэрт ашиглахаар тооцоолсон.

Мөн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа зүйл бол хотын төвөөр хортой, тэсэрч дэлбэрэх аюултай ачаа тээвэр дайран өнгөрдөг явдал. Маш олон асуудлын зах зух нь л энэ. Боломжит бүх аргаар Улаанбаатарын түгжрэл, агаар орчны бохирдлын асуудлыг шийдэхээр эрмэлзэж байгаа ч төвлөрөл хэт ихэссэн, хот төлөвлөлтийн алдааг залруулах арга мухардсан гэхэд болно. Тоочоод барахаа больсон асуудлуудын нэг хэсгээс салах гарц болсон энэхүү төслийн ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулж, шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг Засгийн Газарт мэдэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбарын удирдлагад үүрэг болгоод байгаа.

Нийслэлийн хүн амын төвлөрөл нь олон хүндрэл бэрхшээлийг үүсгэж байгаа учир хотоо тэлэх шаардлага эн тэргүүнийх. Ингэхийн тулд дэд бүтэц, тээвэр харилцаандаа үндэслэн тэлж хөгжүүлэх арга зам хамгийн оновчтой шийдвэр гэж үзэж байгаа билээ. Богдхан уулыг тойрч явдаг ил метротой болох ажлыг яаралтай эхлүүлж Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, дэлхийн хэмжээний метрополис хотыг эхний ээлжинд автозамын түгжрэл, агаарын бохирдлоос салгах нь юу юунаас илүү чухал байгаа юм. 

 Төслийн үр ашиг, Богдхан төмөр замын үүрэх ачаа

Богдхан төмөр замыг барьж байгуулснаар нийслэл дэх дэд бүтцийн маш олон асуудал шийдэгдэхийн зэрэгцээ уг шугамыг дагасан шинэ суурингууд үүсэх эдийн засгийн асар их үр ашиг өгөх юм. Яг өнөөдрийн байдлаар нийслэл хотын замын түгжрэлийг бууруулахад ихээхэн нэмэр болно гэдэг нь энэхүү шинээр баригдах төмөр замын хамгийн чухал ач тус. Төслийн үр дүнд Улаанбаатар хотын гол замын дөрвөн хэсэгт огтлолцдог төмөр зам, авто замын хөдөлгөөнд зориулан хаадаг 120-160 минутын хугацааг хамгийн багадаа 60 орчим минут болгох юм. Хэрэв нүхэн гарц, гүүрэн гарцын асуудлыг шийдэж чадвал төмөр замын хөдөлгөөн түгжрэлд нөлөөлөхөө бүрэн болих боломжтой.

Богдхан төмөр зам нь Улаанбаатар хотоор дайран өнгөрч буй ачаа тээврийн нийт ачааллын 60-аас илүү хувийг үүрэх урьдчилсан тооцоог мэргэжилтнүүд гаргаад байгаа юм. Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тээвэрлэдэг төмрийн хүдэр зэрэг экспортын бараа, мөн ОХУ-аас БНХАУ руу хүрэх бүх дамжин өнгөрөх ачаа тээвэр энэ замаар явна. Нэг ёсондоо нийслэл хотын авто замын хөдөлгөөнийг өдөртөө 2-3 цаг саатуулдаг, Улаанбаатарт буухаас бусад тээвэр ачааг Богдхан төмөр замаар тээвэрлэнэ.

Төмөр замын энэхүү шинэ трасс нь 1221 нэгж талбайг дайран өнгөрөх юм. Бүтээн байгуулалтын явцад газар чөлөөлөх ажилд бэрхшээл үүсэх магадлалтайг салбарын төлөөллүүд сануулж байгаа билээ. Мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зарим байгууламжийг шилжүүлэх, өртөөний замын хүчин чадлыг бууруулах, замыг багасгах, өөрчлөх зэргээс үүдэн төмөр замыг дагаж үйл ажиллагаа эрхэлдэг олон аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөх нь тодорхой. Хэдийгээр эсэргүүцэлтэй тулгарах амаргүй шийдвэрүүд гарах ч хувийн хэвшлийнхэнтэй ойлголцож болох байх гэсэн итгэл Засгийн газарт буй юм. Олон жил яригдсан ч ажил хэрэг бололгүй өдий хүрсэн стратегийн чухал ач холбогдолтой төсөлд энэ жил ихээхэн ажил хэрэгч байдлаар анхаарлаа хандуулж байгаа нь итгэл төрүүлэхүйц байна.

Төсөл хэрэгжсэний дараах Улаанбаатар-төсөөлөл

Төсөл хэрэгжсэнээр одоогийн ашиглаж буй төмөр замын орчмын 1 мянга гаруй га газар чөлөөлөгдөж уг суурин дээр олон төрлийн бүтээн байгуулалтыг хийх боломж бүрдэнэ. Нийслэл хот орчимд сул газар бараг үгүй болсон энэ үед сургууль, цэцэрлэгээс өгсүүлээд тун чухал хэрэгцээ шаардлагатай барилга байгууламж энд бий болох юм. Харин хотын дундуурх 35 километр одоогийн төмөр замаар нийтийн тээврийн үйлчилгээний хөнгөн галт тэрэг зорчуулснаар Улаанбаатарчуудын метронд суух олон жилийн мөрөөдөл биеллээ олж магадгүй байна. Богдхан төмөр зам төслийн ачаар таатай орчин бүхий шинэ үеийн, хөгжсөн хотод аж төрөхөд нэг алхам дөхөх юм.   

Нийтийн тээврийн багтаамж ихтэй, нэг чиглэлд 20-30 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай хөнгөн галт тэргийг 2021-2024 онд нэвтрүүлэх ажлын зураг төслийг эхлүүлэхээр болоод байгаа. Ингэснээр хотын нэг захаас нөгөөд хүрэхэд 15 минут зарцуулна гэж байгаа. Богдхан төмөр зам баригдсанаар орон нутгаас орж ирж буй том оврын ачаа тээврийн техникүүд Улаанбаатар хот дундуур явахгүйгээр шууд Хөшигийн хөндий дэх төмөр замын ачаа тээврийн агуулахаас бараагаа авах боломжтой болох юм. Яваандаа энэхүү ачаа эргэлтийг дагаж томоохон худалдааны төвүүд Хөшигийн хөндий орчимд байрших, хүнд даацын автомашин хотын замын хөдөлгөөнд саад учруулахгүй болно гэсэн үг.  

Газар нутгийн хэмжээ уудам том ч түүнийхээ ердөө 0,3 хувьд нь байршдаг, хүн амын тэн хагас нь оршин суудаг, эдийн засгийн нийт эргэлтийн 60 хувь нь төвлөрдөг Монгол Улсын нийслэлийн дэд бүтэц, тээвэр харилцааны асуудал “толгойн өвчин” болоод удсан. Олон асуудал шийдэх найдлага тээсэн төмөр замын төслийн хэрэгжилтийг энэ удаад сарниахгүй байх онц их шаардлагатай байгаа юм.

Төслийн алсын хараа

Богдхан төмөр замын төсөл бол зөвхөн нийслэлийн дундуур дайран өнгөрөх төмөр замын хөдөлгөөнөөс үүдэлтэй асуудлыг шийдэх зорилготой биш. Богдхан уулыг тойрсон төмөр замын бүтээн байгуулалтыг дагуулан шинэ дүүргүүдийг бий болгох, дагуул хотуудыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө ч яригдаж буй.

Зам ашиглалтын зардал багатай, эдийн засгийн үр ашиг сайтай, Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд том байр суурь эзлэх бүтээн байгуулалтын энэ төсөл маш олон талын судалгааг хариуцлагатайгаар хийсэн. Тухайлбал, зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн хийхэд зориулсан нүхэн гарцыг шийдэх, мөн ховор, нэн ховор ургамлын тархацын судалгаа болон түүх соёлын дурсгалт зүйлс, түүхийн чухал газар нутагтай төмөр замын трасс давхцаж байгаа эсэх судалгааг хийсэн байдаг. Мөн орон нутгийн малчин өрхийн нүүдлийн зам төмөр замтай огтлолцох эсэхийг тодорхойлон түүнд зориулсан гарцыг хүртэл шийдсэн төсөл юм. Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлж, хадлан бэлчээрийн талбайг аль болох дайруулахгүй, хөндөхгүй байхад бас ихэд анхаарсан байдаг.  

Төмөр зам заавал тойрон гарах шаардлагатай нутаг дэвсгэр байхад эдийн засаг, дэд бүтцийн хувьд ирээдүйн томоохон үр ашигтай нь тодорхой энэ замыг өөрийн нутаг дэвсгэр дээгүүр дайруулан өнгөрүүлэх хүсэлтэй нь ч бас байгаа аж. Хөшигийн хөндий дэх олон Улсын нисэх буудлыг түшиглэн байгуулагдах 100 мянган хүн амтай байхаар тооцоолсон дагуул хот, мөн Төв аймгийн Сэргэлэн сумын энэ саналыг одоогоор боломжтой гэж үзээд байна.  Хэд хэдэн хувилбараар трассыг тооцоолсон бөгөөд хамгийн ашигтайг нь сонгож шаардлагатай хөрөнгийг улсын төсвийн хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн санхүүжилт, гадаадын зээл тусламж, мөн Азийн хөгжлийн банкнаас гаргахаар тооцоолж байгаа юм.

Газар нутаг том, хэтдээ нийслэлээ тэлж хөгжүүлэх зорилго тээж байгаа манай улсын хувьд энэ бол тал бүрийн үр ашиг дагуулах төсөл. Эдийн засгийн хувьд өгөөжтэй, тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэхэд ихээхэн түлхэц болохуйц энэхүү төслийг богино хугацаанд хэрэгжүүлснээр зам дагасан хот төлөвлөлт, Улаанбаатар хотын тэлж хөгжих ирээдүйн цогц бодлогод маш том нөлөө үзүүлэх юм. Төмөр замыг ирээдүйд цахилгаанжуулахаар тооцоолж төлөвлөснөөс гадна дижитал систем нэвтрүүлэн удирдлагын нэгдсэн төвтэй байх юм байна.

Далайд гарцгүй, авто замын сүлжээ нэлээд муу түвшинд тооцогддог манай улсын хувьд хуурай газрын дэд бүтцээ хөгжүүлэх нь одоо ирээдүйн алинд ч нэн чухал. Хотыг тэлэх, төвлөрлийг шийдэх гол арга нь ердөө дэд бүтцийн асуудал билээ.

 Төслийн урт түүхийн хураангуй

  • 2010 онд УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг”-т хэд хэдэн чиглэлийн төмөр замын төсөл багтсаны нэг нь Богдхан төмөр замын төсөл юм. Дараа нь 2012 онд Зам тээврийн яамнаас /хуучин нэрээр/ бүтээн байгуулалтын энэхүү төслийг 2012-2016 оны хооронд хэрэгжүүлэх болсныг зарлаж байлаа.
  • 2014 онд Зам тээврийн яам Азийн хөгжлийн банктай хамтран энэхүү төмөр замын төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичигт тус банкнаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох, 550 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар судалгааны ажил эхлүүлэхийг тусгасан байв. Тухайн ондоо Оросын Холбооны Улсын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй хийсэн хэлэлцээрт энэ төмөр замыг барьж байгуулах талаар мөн л тусгаж байв.
  • 2016 онд Азийн хөгжлийн банкнаас техникийн туслалцааны нээлттэй тендэр зарлан 2017 онд барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй гэж байсан юм.
  • Монгол Улсын Засгийн газрын 2016-2020, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Богдхан төмөр замыг барьж байгуулах ажлыг тусгасан. 2017-2024 оны хооронд барилгын ажлыг нь дуусгахаар төлөвлөсөн.
  • 2017 онд гурван улсын Засгийн газрын мэргэжилтнүүд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад оруулсан.
  • Төслийн урьдчилсан судалгааг БНЭУ-ын “ICT” түүний Монгол дахь охин компани болох “ICT Sain”, Германы “Gauff” болон “ETUDE” зэрэг зөвлөх компаниуд хийж 2017 онд танилцуулсан.

Холбоотой түүхийн заримаас нь л дурдахад ийм. Энэ мэтээр үндсэндээ арав гаруй жил яригдаж буй ч ажил хэрэг болохгүй дундаа гацаж зогсдог энэ төслийг монголчууд ажил болон эхэлнэ байх хэмээн найдвар тавин хүлээж байна.

М.Мягмарсүрэн 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.