Олон нийтийн сүлжээнд хуурамч зар түгээж 500 хүнийг залилсан хэрэгт Баянголын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэлээ.
Иргэн М.Гантунгалаг нь олон нийтийн сүлжээнд хүнд өвчтэй өвчтэй хүүхдийн зураг байршуулж, эмчилгээний зардалд зориулан хандив тусламж гуйсан утга бүхий худал мэдээлэл тараасан аж. Улмаар өөрийнхөө ашигладаг банкны дансыг тухайн мэдээллийн дор байршуулж, нэр бүхий 500 хүнээс таван сая гаруй төгрөг шилжүүлэн авч, залилан мэхэлжээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд, М.Гантунгалагийг Эрүүгийн хуулийн 17.3-1 дэх хэсэгт заасан “Цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилсан” гэм буруутайд тооцож, 800 мянган төгрөгөөр торгох ял шийтгэн, гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох таван сая төгрөгийг албадан гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Цахим орчинд түгээсэн хандив, тусламж хүссэн зар, мэдээллийн үнэн, эсэхийг нягталж байж бусдад мөнгө хандивлах, танихгүй хүнийг фэйсбүүкийн найзаараа хүлээн авахгүй байх, хувийн мэдээллээ нууцлахад анхаарах, мөн “зээл өгнө, мөнгө явуулсан, та азтан боллоо” зэрэг агуулгатай мессеж, мэдээлэлд сонор сэрэмжтэй хандаж, гэмт хэрэгт өртөхөөс болгоомжлохыг прокурорын байгууллагаас анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.