Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Мод, бут сөөгийн суулгац, үр үрсэлгээний үзэсгэлэн худалдаа”-г жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Барилгачдын талбайд энэ сарын 1-ний өдрөөс ирэх сарын 1-ний өдрүүдэд тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ.
“Байгалиа дээдэлье” ХХК 40 гаруй төрлийн мод ургуулж, үрээр тарьж нутагшуулдаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 30 гаруй төрөл, зүйлийн мод авчирчээ. Гацуур, буйлс, голт бор, шар хуайс, хус, агч, хайтан болон Канад хүрэн монос, интоор зэрэг чимэглэлийн болон шилмүүст моддыг танилцуулж, иргэдэд худалдаалж байна.
“Байгалиа дээдэлье” ХХК-ийн мэргэжилтэн Х.Тогтуун:
-Арчилгааны хувьд тухайн модноосоо хамаарч өөр өөр байх бөгөөд жимсний мод гэхэд салхи багатай, нөмөр газар сайн ургадаг. Жимсний модыг нөмөргүй, хээр тарьсан тохиолдолд усалгаа дутах, хатах, үхэх тохиолдол гардаг.
Хайлаас модыг тарьж, ургуулан ургамлан хашаа хийхэд тохиромжтой. Үнийн хувьд ширхэг нь 2500 төгрөгийн үнэтэй байна. Улиас модны хувьд маш хүчирхэг үндэстэй учир элсний нүүдэл зогсоох, ойн зурвас байгуулахад тохиромжтой бөгөөд мөчрөөр үрждэг гэв.
Өдгөө 70 насыг зооглож яваа цэцэгчин Б.Хорлоо сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хувиараа цэцэг тарьж, ургуулж байна. Тэрбээр 80 орчим зүйлийн 1000 орчим цэцэгтэй бөгөөд тус үзэсгэлэн худалдаанд тасалгааны цэцгүүдээ худалдаалахаар авчирчээ.
Цэцэгчин Б.Хорлоо:
-Өвөлжин тарьсан цэцэгнийхээ үр дүнг өнөөдөр үзээд сууж байна. Бурханы цэцэг гэгдэх Бадамлянхуаг тарьсан. Тогосон сүүл, шүрэн цэцэг, ногоолин, мөнхрөө зэрэг цэцэг 24 цагийн туршид хүчилтөрөгч ялгаруулдаг учир гэрийн агаарыг маш сайн цэвэршүүлдэг. "Тасалгааны цэцгээр эмчлэхүй" номонд шинэ байранд орсон айлуудад цэцэг олноор тарих, байршуулах тухай зөвлөсөн байдаг. Учир нь, шинэ тавилга, будагны эвгүй үнэр хортой нөлөө үзүүлдэг.
Тэтгэврийн насны хүнд цэцэг тарих нь хөдөлгөөн болдог учир эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой.
Үнийн хувьд тарьсан цэцгүүдээ өндөр болон цэцэглэлтээс нь хамаарч 5-25 мянган төгрөгөөр зарж байна. Харин цэцгийн үрсэлгээг 1000-3000 төгрөгийн хооронд өгч байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.