Украины Мариуполь хотын гангийн үйлдвэр дотор орогнож байсан 100 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Гэхдээ тус үйлдвэр доорх хоргодох байрт хэдэн зуун энгийн иргэн үлдсэн хэдий ч Оросын цэргүүд дахин халдлага үйлдэж эхэлсэн гэж Украины албаныхан мэдэгдсэн юм.
Мариуполийн эсэргүүцлийн сүүлчийн бэхлэлт болох Азовсталь үйлдвэрээс өнгөрөгч ням гарагт олон иргэн зугтаж чадсан ч "газар доорх хоргодох байрт бага насны хэдэн арван хүүхэд гацсан хэвээр байгаа" гэж орон нутгийн Үндэсний гвардийн командлагч Денис Шлега хэлжээ. Мөн эхний ээлжийн иргэдийг үйлдвэрээс гаргасан даруйд Оросын довтолгоо эргээд эхэлсэн гэнэ.
Их хэмжээний бөмбөгдөлтөд өртсөн Азовсталь үйлдвэрт даваа гаргийн орой томоохон гал гарсан нь олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Оросын нэгэн хэвлэлд дурдсанаар, одоогоор тус үйлдвэрт 500 гаруй энгийн иргэн байгаа бөгөөд хоол хүнс, ус, эм тарианы хангамж дуусаж байгаа аж.
Энэ удаагийн нүүлгэн шилжүүлэлтийг НҮБ болон Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн бөгөөд эдгээр байгууллага албан ёсны цувааг зохион байгуулжээ. Эдгээр энгийн иргэний эхний хэсэг Украины цэргүүдийн хяналтад байгаа Запорожье хотод ирэх төлөвтэй байна.
Мариуполь нь бараг бүхэлдээ ОХУ-ын мэдэлд орсон ба хотын ихэнх хэсэг сүйрээд байгаа юм. Уг боомт хотыг эзлэн авах нь Оросын цэргийн хүчний гол зорилго бөгөөд тус бүсэд тулалдаж байсан зарим орос цэргийг одоо Донбасс хэсэг рүү илгээсэн ч Украины цэргүүд Азовсталь гангийн үйлдвэрийг хамгаалсаар байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.