УИХ-ын гишүүн Н.Учралаар ахуулсан ажлын хэсгийн зүгээс боловсруулсан "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль"-ийг чуулган эцэслэн баталсан билээ. Ингэснээр манай улс анх удаа хувь хүний мэдээллийг хуулиар хамгаалдаг боллоо.
Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж байна.
Төрийн байгууллага болон аль нэг хуулийн этгээд мэдээлэл цуглуулж боловсруулж ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн ашиглах гэж буй зорилгоо мэдээллийн эзэнд мэдэгдэж, заавал зөвшөөрөл авдаг болнр. Мөн иргэн таны хурууны хээг ашиглан цаг бүртгэх, банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, худалдаа үйлчилгээ хэрэглэх зэрэг нь хориотой болжээ.
Уг хуулийг тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх бөгөөд хууль хэрэгжүүлж эхлэхээс өмнө иргэдийн биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээг цуглуулсан бүх мэдээллийн санг устгах аж.
Энэ үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсгийг Засгийн газраас байгуулна. Хууль батлагдсанаар иргэдийн хурууны хээг зөвхөн сонгуулиар сонгогчийг таних, иргэний үнэмлэх олгох, сунгахад л ашиглах юм байна. Харин бусад тохиолдолд иргэдийн хурууны хээ ашиглахыг хориглоно гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэллээ.
Тэрээр "Иргэдийн хурууны хээг маш олон төрлийн үйлчилгээнд ашигладаг болсон. Тухайлбал, супермаркетууд гишүүнчлэлийн карт олгохдоо олон хүний хурууны хээг цуглуулсан байдаг. Банк бус санхүүгийн байгууллагууд, машин худалдаалдаг байгууллагуудад иргэдийн хурууны хээний сан үүсгэсэн байгаа. Мөн зарим төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цагийн бүртгэл хийхийн тулд ажилчдынхаа хурууны хээг цуглуулсан байдаг. Үүнийг шалгаж болиулах ажлын хэсгийг Засгийн газраас байгуулан ажиллана" гэлээ.
Уг хуулиар мөн дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байрлуулж болох болохгүйг зохицуулсан. Тухайлбал ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй чөлөөт байх эрхэнд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэг байрлуулахыг хориглолоо.
Хуулийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш зөв.