УИХ-ын чуулганы /2022.04.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Төсөвт тодотгол хийснээр төсвийн нийт зарлагын хэмжээ 17,9 их наяд болж, батлагдсан төсөв 245,3 тэрбум төгрөгөөр хэмнэгдэж байна.
Төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй компаниас бусад этгээдийг тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглолоо.
Мөн Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглов.
Түүнчлэн Төсвийн захирагч, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллагаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл тогтоов.
“Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор цэцэрлэгийн хүртээмж багатай, төрийн өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжгүй байршилд төрийн бус өмчийн цэцэрлэг ажиллуулж, хамран сургах тойргийн хүүхдийг элсүүлсэн тохиолдолд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр хүүхдийн хоолны зардлын хамт санхүүжилт олгохоор боллоо.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд Шүүхийн сахилгын хорооны урсгал зардлыг 425.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Гадаадын зээл, тусламжийн ашиглалтын зардлыг 16,400.2 сая төгрөгөөр бууруулах, улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад холбогдох өөрчлөлтийг хийснээр хөрөнгийн зардал 15,974.6 сая төгрөгөөр нэмэгдэхээр боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.