“4 аймаг 400 км" явган алхалтын хөтөлбөрийн эхний баг аялалаа амжилттай өндөрлөлөө
“4 аймаг 400 км” явган алхалтын хөтөлбөр нь 2022 онд хавар, зун, намрын гурван удаагийн цуврал аялалыг төлөвлөөд байгаа бөгөөд эхний аялал энэ удаа эх орныхоо Алтай, Хангай, Говийн нутаг болох Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгаар нийт 400 км-ийг явганаар туулж 2022 оны дөрөвдүгээр сарын 21-нд Архангай аймгийн төвд аялалаа амжилттай өндөрлүүлэв.
Тодруулбал, иргэдийг явган алхалтад уриалах, үлгэрлэн дагуулах зорилгоор Монголын явган алхалтын холбооноос (Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо) зохион байгуулж буй “4 аймаг 400 км” уртын алхалтын хөтөлбөрийг 2022.04.09-нд эхлүүлж, спортын мастер Э.Чойсүрэн ахлагчийн санаачилга, удирдлага дор тус холбооны гишүүд болох спортын мастер Ц.Баярхүү, С.Батболд, Ж.Тулга, Role Model Walker 2021 алхагч Г.Алтансүх, Б.Гантулга, У.Мөнгөнцэцэг, Л.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэйгээр замдаа гарсан аж.
Алхалтын багийнхан 2022.04.10-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотоос алхалтаа эхлүүлсэн ч тасралтгүй арав хоногийн туршид цасан шамарга тавьж, эрчит салхи шуурч, өндөр уулс, хадан хясаа, хөр цас, цөн түрж мөс хайлсан гол мөрөнтэй тулгарах зэргээр бишгүй саад бэрхшээл дундуур аялжээ.
Багийн гишүүд "Хэдийгээр байгалийн сорилт бэрхшээл дундуур алхсан ч явах тусам зориг чангарч, зорилго нь тодорч, замдаа сайн явж ирлээ" хэмээн өгүүлэв.
Энэ оны долдугаар сард “4 аймаг 400 км” үзэл санааны алхалтын дараагийн баг тамирчид явган аялалаа эхлүүлэх бөгөөд сүүлийн баг ирэх аравдугаар сард аялалдаа гарна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.