ИНЕГ болон ТЕГ-ын хамтарсан “Код-7” буюу “Барилга байгууламжийг тэсрэх хэрэгслээр заналхийлэх үйлдэл” сэдэвт баруун бүсийн нисэх буудлуудын дасгал сургуулилт Говь-Алтай аймаг дахь “Алтай” нисэх буудалд болов.
Иргэний нисэхийн үйл ажиллагаанд гарч болзошгүй хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, түүний хор уршгийг арилгахад чиглэсэн Иргэний нисэхийн байгууллага болон тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Цар тахлын нөлөөгөөр хоёр жил завсардсан тус сургалтыг ИНЕГ-ын санаачилгаар ТЕГ-тай хамтран энэ жил зүүн болон говийн бүс, төвийн бүс, баруун бүс гэсэн гурван бүсээр хуваан явуулж байна. Энэ удаагийн сургуулилтад баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймаг дахь нисэх буудлуудын ажилтнууд болон тусгай чиг үүргийн байгууллагуудын алба хаагчид оролцов
“Код-7” дасгал сургуулилалт нисэх буудалд байршуулсан тэсрэх бодисыг аюулгүй болгож, дотор байсан иргэдийг нүүлгэн шилжүүлж, заналхийлсэн этгээдийг баривчлах зохиомжоор явагдлаа.
Сургуулилтын төгсгөлд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан
“Энэ удаагийн сургуулилт өндөр зохион байгуулалттай, маш сайн гүйцэтгэлтэй боллоо. Хэдийгээр өнөөдрийн сургуулилт цаг агаарын таагүй нөхцөлд болж байгаа ч, оролцсон тусгай чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнууд гарч болзошгүй хууль бус үйлдэл, заналхийллээс энгийн иргэдээ авран хамгаалахын тулд маш нягт нямбай, уялдаа холбоотой ажиллаж чадах юм байна гэсэн итгэл үнэмшил төрж байна. Зохион байгуулсан болон оролцсон байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.