Жагсаал цуглаан хийх журмын болон Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль зөрчин эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, улмаар хууль сахиулагчийн биед халдсан гэх хэрэгт буруутгагдсан Д.Монголхүүд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэхээр болсон ч өмгөөлөгчөөс шалтгаалж хойшлууллаа.
Д.Монголхүүд уг нь НПГ-аас Эрүүгийн хуулийн 23.1-1 дэх хэсгийн “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дээрх шүүх өмнө нь уг хэргийг хэлэлцээд прокурорын хяналтад буцааж байсан юм. Ингэхдээ Д.Монголхүүгийн биед халдсан хэргийг, цагдан хорих байрнаас хууль сахиулагчийг эсэргүүцэн гарч явсан зэрэг үйлдлийг нь тусгаарласан нь буруу гэж шүүх дүгнэж байсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна.
Мөн өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд “Nodouble standart” хөдөлгөөний Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Бямбагэрэл, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуугийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан захирамж үндэслэлтэй гэж дүгнэлээ. Тэднийг 2021 оны аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн байранд нэвтэрч, хууль сахиулагчийг эсэргүүцэн хүч хэрэглэж, Д.Монголхүүг оргуулсан, Дорнод аймагт гарсан зам тээврийн ослын талаар мэдээлэхдээ бусдын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Г.Равжаа
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.