БНХАУ-ын эрх баригчид Дэлхийн гуравдугаар дайныг эрэлхийлээгүй бөгөөд Украин дахь мөргөлдөөнийг дипломат арга замаар шийдэхийг дэмжиж байгаа гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин мэдэгджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ долоо хоногийн эхээр Дэлхийн гуравдугаар дайны талаар анхааруулсныг Хятадын Гадаад хэргийн яам хэрхэн үнэлж байгааг асуусан сэтгүүлчийн асуултад тэрээр "Дэлхийн гуравдугаар дайныг хэн ч хүсэхгүй байгаа. Орос, Украины энхийн хэлэлцээг уриалах үйл явцыг дэмжих шаардлагатай" гэж хариулсан байна.
Ноён Лавров өнгөрөгч даваа гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр Украинтай энхийн хэлэлцээ үргэлжлэх хэдий ч Дэлхийн гуравдугаар дайны "бодит" аюул байсаар байгаа гэж анхааруулсан билээ. Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг "дүр эсгэж байгаа" гэж буруушаасан Лавров "Тэр сайн жүжигчин. Гэхдээ хэрэв та түүнийг сайн ажиглаж, хэлсэн зүйлсийг нь анхааралтай уншвал мянга мянган зөрчилдөөнийг олж харна. Өнөөгийн хурцадмал байдлыг харгалзан үзэхэд Дэлхийн гуравдугаар дайны аюул ноцтой бөгөөд бодит тул үүнийг дутуу үнэлж болохгүй" хэмээн онцолсон юм.
Харин Ван Вэнбин Украин дахь зэвсэгт мөргөлдөөнийг сунжруулж болохгүй гэж хэлсэн ба тус мөргөлдөөн Европт төдийгүй дэлхий дахинд үүсгэж болзошгүй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх шаардлагатайг тэмдэглэжээ. Тэрээр "Холбоотой бүх тал эв найрамдалтай байж, хурцадмал байдлаас сэргийлнэ гэдэгт найдаж байна" хэмээн дүгнэн хэлсэн аж.
Эх сурвалж: TASS, The Moscow Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.