БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг өчигдрөөс эхлэн бүртгэж эхэлсэн. Энэ дагуу ХХҮЕГ-ын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд иргэд хандсан ч тухайн систем гацаж, квот нь дүүрсэн байна.
Иймд бүртгүүлж чадаагүй иргэд ХХҮЕГ-т цугларч, бухимдлаа илэрхийлж байна. Энэ талаарх нөхцөл байдлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрахаас тодрууллаа.
Энэ удаагийн бүртгэлээр 2200 иргэн бүртгүүлээд байна. Бүртгэлийн систем өглөө 09.00 цагт нээгдэх үед нэгэн зэрэг 6000 хүн хандсан. 11.00 цагт 60 мянган хүн, 14.00 цагт 190 мянган хүн нэгэн зэрэг хандсан тул сервер унасан. Сервер унасан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.
Солонгосын талтай өнөөдөр өглөө ярилцаж, бүртгүүлж чадаагүй иргэдийг дахин бүртгэхээр болсон. Ирэх сарын 10-н гэхэд дахин шинээр 2800 иргэнийг бүртгэхээр тохиролцсон.
Уг бүртгэлийг хийхдээ иргэдэд төвөг учруулахгүй байх үүднээс хийхээр төлөвлөнө. Манай байгууллагын зүгээс иргэдээс мөнгө авч бүртгэл хийлгэсэн тохиолдол байхгүй.
ХХҮЕГ-т бүртгэлд хамрагдаж чадаагүй иргэд цугларч бухимдлаа илэрхийлсэн юм. Иргэдийн зүгээс бүртгэлээ хийлгэхдээ 24 ам.доллар төлөхгүй байх, шалгалтад тэнцсэн тохиолдолд дээрх төлбөрийг төлөх саналаа ХХҮЕГ-ын удирдлагуудад тавьсан юм. Нийт 2200 иргэн бүртгүүлсэн ч БНСУ-ын талаас 350 хүнийг энэ жил ажиллах хүчнээр бүртгэнэ гэлээ.
Өнөөдрийн байдлаар солонгос хэлний шалгалтад тэнцэж, БНСУ-ын хөдөлмөрийн биржид 1200 орчим иргэн бүртгэлтэй байна. Өчигдөр бүртгүүлсэн иргэд гэхэд энэ жил БНСУ руу ажиллахаар явна гэж хэлж чадахгүй гэдгийг ХХҮЕГ-ын удирдлагууд мэдэгдсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.