Монголын Уулчдын Үндэсний Холбоо /МУҮХ/ болон Олон Улсын Уулын Холбоо буюу UIAA-ны Мөсөнд авиралтын тэмцээний 2018-2019 оны улирлын нээлт эхэлсэн билээ. МУҮХ-ны багийн бүрэлдэхүүнд Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын таван тамирчин өчигдөр ОХУ-ын Киров хотыг зорив.
Багийн бүрэлдэхүүнд
Н.Хэрлэн ОУХМ, Багийн ахлагч
О.Сайханжаргал Спортын мастер
Б.Ариунбаяр Спорт авиралтын I зэрэгтэй
Н.Сэлэнгэ Спорт авиралтын II зэрэгтэй
Ж.Сэдэд МУБИС-ийн БТС-ийн оюутан
Тус клубын баг тамирчид 12 сарын 03-13-нд ОХУ-ын Киров хотод UIAA-ны мөсөнд авиралтын сургалтанд хамрагдаж үргэлжлүүлээд долоо хоног хамтарсан бэлтгэл хийх юм.
Спортын мастер О.Сайханжаргал
Москва хотод 12 сарын 14-16-нд Мөсөнд авиралтын хосолсон /хурд ба техникийн гэсэн хоёр төрлийн нийлбэр дүнгээр байр эзлэх/ төрлөөр зохиогдох ДАШТ эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Тэрбээр мөсөнд авиралтын техникийн төрлийн чансааг тэргүүлж буй бөгөөд UIAA-ны 27 дугаарт эрэмбэлэгдэж буй.
ОУХМ, багийн ахлагч Н.Хэрлэн
Тэрбээр ирэх сард Киров хотын бэлтгэлийн баазыг түшиглэн бэлтгэлээ базаах юм. Тэрбээр мөсөнд авиралтын хурдны төрлийн чансааг хол давуутай тэргүүлж буй. UIAA-ны 16 дугаарт буюу Монгол улсаас дэлхийн чансаа /UIAA/-нд одоогоор хамгийн өндөр эрэмбэлэгдсэн тамирчин.
Спорт авиралтын I зэрэгтэй тамирчин Б.Ариунбаяр
Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан туршлагатай. Тэрбээр мөсөнд авиралтын залуучуудын ангиллын хурдны төрлийн чансааг тэргүүлж буй бөгөөд техникийн төрлийн II дугаарт эрэмбэлэгдсэн.
МУБИС-ийн БТС-ийн оюутан, залуу тамирчин Ж.Сэдэд
МУҮХ-ны мөсөнд авиралтын залуучуудын ангиллын техникийн төрлийн чансааг тэргүүлдэг.
Н.Сэлэнгэ Спорт авиралтын II зэрэгтэй
Тэрбээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын дунд сургуулийн 8б ангийн сурагч, Спорт авиралтын II зэрэгтэй,өсвөрийн тамирчин. Ирэх улирлаас залуучуудын насны ангилалд дэвших нь. Тэрбээр мөсөнд авиралт, хаданд авиралт, спорт авиралтын төрлүүдээр өсвөрийн улсын аварга амжилт эзэмшдэг. Уулын спортын “Сутайн бор” клубын тамирчид энэ улиралд UIAA-ны мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах гурван тэмцээн, дэлхийн аварга шалгаруулах хоёр тэмцээнд оролцох юм.
”Сутайн бор” клубын ерөнхий дасгалжуулагч, спортын мастер Х.Нямдоогийн удирдлага дор баг тамирчид бэлтгэлээ УБ хот болоод Говь-Алтай аймгийн Тонхил суманд базаажээ.
Олон Улсын Уулын Холбооноос /UIAA/ жил бүр зохион байгуулдаг дэлхийн цомын аялал тэмцээнүүдийн тов
1. UIAA Мөсөнд авиралтын дэлхийн цом Москва (ОХУ)–2018 оны 12-р сарын 14-16-ны хооронд
2. UIAA Мөсөнд авиралтын дэлхийн цом Чеонгсонг (БНСУ)–2019 оны 1-р сарын 11-13-ны хооронд
3. UIAA Мөсөнд авиралтын дэлхийн цом Бээжин (БНХАУ)–2019 оны 1-р сарын 18-22-ны хооронд
4. UIAA Мөсөнд авиралтын дэлхийн цом Saas Fee (Швейцарь улс)–2019 оны 1-р сарын 24-26-ны хооронд
5. UIAA Мөсөнд авиралтын дэлхийн цом Rabenstein (Итали улс)–2019 оны 2-р сарын 01-03-ны хооронд
6. UIAA Мөсөнд авиралтын дэлхийн цом Vanoise (Франц улс)–2019 оны 2-р сарын 7-9-ны хооронд
7. UIAA Мөсөнд авиралтын дэлхийн цом Denver (АНУ) – 2019 оны 2-р сарын 22-24-ний хооронд
8. UIAA Мөсөнд авиралтын дэлхийн цом Киров (ОХУ)–2019 оны 3-р сарын 8-10-ны хооронд
9. UIAA Мөсөнд авиралтын Залуучуудын дэлхийн аварга Oulu (Финланд )–2019 оны 2 сарын 28-3 сарын 2-ны хооронд
Монголын Уулчдын Үндэсний Холбооны Мөсөнд авиралтын насанд хүрэгчид, залуучуудын Чансааны эрэмбэ тус бүрээр эхний гурван байранд жагссан тамирчдыг БНХАУ, БНСУ, ОХУ, Франц-д зохиогдох Дэлхий цомын тэмцээнд оролцуулахаар төлөвлөөд буй.