Авто замын хашлагыг давхар хийсэн зураг цахим орчинд тархаж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан
-Хоёр давхар бродюрыг манай байгууллагаас хийгээгүй. Намьяанжүгийн гудамжинд байрлах хувийн компани өөрийнхөө барилгын урд талд зогсоол хийхдээ явган замыг шинэчилж дотуур давхарлаж хийсэн бродюр юм байна. Энэ бол улсын төсвийн хөрөнгөөр эсвэл Авто замын хөгжлийн газраас хийгдээгүй ажил гэв.
Замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох:
-Давхар бродюрын асуудлаар бид холбогдох компанийн удирдлагатай уулзаж, зөвшөөрөл болон орц, гарц нь ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг нь тодруулж байгаа. Хоёр давхар бродюрыг авто машины зогсоол гаргах зориулалтаар явган хүний замыг нарийсгаж хийсэн байх магадлалтай.
Замын цагдаагийн гүүрний ажлын тухайд Нарны замын шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа. БНХАУ-ын банкны хөнгөлөлттэй зээл 40.2 сая ам.долларын гэрээний өртөгтэй ажил байгаа юм. БНХАУ-ын Засгийн газраас хотод хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүдэд хоёр удаа зээл авсан. Нэг тэрбум төгрөгийн зээлээр нь Налайхын замын бүтээн байгуулалт хэрэгжээд явж байгаа. 500 сая ам.долларын зээлээс Замын цагдаагийн гүүрэн гарц, Баянзүрх, Сонсголон, Яармагийн гүүрний бүтээн байгуулалт өрнөсөн. Замын цагдаагийн гүүрнээс бусад төсөл дууссан.
Нийслэлийн замын сүлжээнд өнгөрсөн оноос энэ жил дамжин хэрэгжих 38 төсөл байгаа, нэмээд шинээр 29 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд хашлага солих ажил ороогүй. Зөвхөн эвдэрсэн, усанд идэгдсэн, цас хайлуулах бодис цацсаны улмаас бетон хашлагад эвдрэл үүссэн бродюрыг сольж байгаа. Нэг ёсондоо, 10-15 жил засвар хийгээгүй замыг шинэчилж байна гэсэн үг.
Нийтдээ 14 байршилд иж бүрэн, шинэчлэлтийн ажил хийгдэж, долдугаар сарын 11-нээс өмнө бүрэн дуусна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манйах тэнд байдаг,харин ч тэр хавь цэвэрхэн аятайхан болсон. Хувийн компани хийсэн юмуу