СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-25

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагыг гүйцэтгэж буй “Нью Улаанбаатар Интернэшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такэог үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хүлээн авч уулзлаа. Түүнтэй хамт гүйцэтгэх захирлаар шинээр томилогдон ажилдаа орсон Китанака Такэфүми байлцав.

Сайд Л.Халтар гүйцэтгэх захирал Като Такэо цар тахлын хүнд үед  нисэх буудлын үйл ажиллагааг амжилттай эхлүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүлж, нислэгийн аюулгүй ажиллагааг сайн хэрэгжүүлж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэж ажилласныг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Япон улсад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайдтай уулзаж шинэ нисэх буудлыг богино хугацаанд ашиглалтад оруулах тухай ярилцсан. Энэ ажлын хүрээнд Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд нисэх буудал богино хугацаанд ашиглалтад ороход Като сан таны хувь нэмэр өндөр байсныг үнэлж байна.

Буянт-Ухаа дахь нисэх буудлын 600 гаруй ажилтныг шилжүүлэн авч ажлын байраар хангасанд талархал илэрхийлье. Нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн, үр ашигтай явуулахын тулд яамд, агентлаг, төрийн холбогдох байгууллагууд, түрээслэгчид, агаарын тээвэрлэгч зэрэг бүхий л газруудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо бэхжүүлэх, сайжруулах талаар хичээн ажилласныг тэмдэглэж талархал илэрхийллээ.

Гүйцэтгэх захирал асан Като Такэо . Энэ хугацаанд багагүй саад бэрхшээлийг даван туулж чадсандаа баяртай байна. Нисэх буудал нь Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж Японы компани менежментийг хийж байгаа ч Монгол Улсын өмч, улсын нүүр царай, гадаад руу гарах үүд хаалга тул үйл ажиллагааг илүү сайжруулах тал дээр хамтран  ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

 

Сайд Л.Халтар “Нью Улаанбаатар Интернэшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар шинээр томилогдсон Китанака Такэфүми захиралд хандаж, шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсээд яамны зүгээс хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн тэрбээр шинэ олон улсын нисэх буудлын талаар олон нийтийн зүгээс Япон маягийн чанартай үйлчилгээг хүсэн хүлээж байгаа гэдгийг хэлж анхаарч ажиллахыг хүсэв.  

Түүнчлэн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэж төмөр замын бүтээн байгуулалт хийгдэхийн зэрэгцээ аялал жуулчлал, эдийн засгийн тусгай бүс байгуулахаар төлөвлөж шинэ суурьшлын бүс, тээвэр логистикийн том төв болон хотжилт явагдах шийдвэр гарсныг танилцуулав.

Китанака Такэфүми нь өмнө нь олон улсын нисэх буудал дээр ажилласан туршлагатай тул Чингис хаан нисэх буудлыг аюулгүй, тохь тухтай буудал болгохын төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв. Цаашид нисэх буудлыг эдийн засгийн хувьд амжилттай ажиллуулахад нислэгийн тоог нэмэгдүүлэх явдал чухал ач холбогдолтой болохыг хэллээ. Иймд нисэх буудлын хүчин чадлыг бүрэн ашиглахын төлөө Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэв хэмээн тус яамнаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.69.222

ИНЕГ-ын даргаа яагаад оролцуулсангүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.