"Монгол хүн монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг гадаадын тусгай алба, байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан. Улмаар түүнийг энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр үйлдэл дээр нь баривчилсан тухай Тагнуулын ерөнхий газраас мэдээлсэн.Тэгвэл уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болж, хэргийг нь прокурорын байгууллагад буцаасан талаар Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид мэдэгдлээ.
Өмгөөлөгч Г.Баасан:
-Иргэн, хүний эрхийн тэмцэгч Ч.Мөнхбаяр хууль бусаар хоригдоод 66 хонож байна. Энэ хүнийг төрийн нууц мэдээллийг гадаадад худалдсан, дамжуулсан гэх зүйл заалтаар яллах гэж оролдож байна. Тагнуулын ерөнхий газар "агнуурын ерөнхий газар" болжээ. Хүний эрхийн төлөө дуугардаг хүнийг агнаж хорьдог байгууллага болсон байна.Ч.Мөнхбаяр ийм гэмт хэрэг хийх хүн биш. Тийм учраас энэ хүнийг суллахыг хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд шаардаж байна. Ч.Мөнхбаярыг тогтмол цалингүй, орлогогүй гэдэг үндэслэлээр тагнуул гэж хардаж байгаад харамсаж байна.Хэрэгт авагдаад буй нотлох баримтуудыг эргэлзээтэй гэж үзэн, хэргийг нь прокурорын байгууллагад буцаасан. Шүүх Ч.Мөнхбаярын эрхзүйн байдлыг дордуулж, хууль бусаар цагдан хорьж байна. Эрүүгийн дарамт үзүүлж байна. Түүнийг батлан даалтад гаргуулах хүсэлтээ дахин өгнө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.