Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Улсын онцгой комиссын шийдвэрийг эсэргүүцэж, хүсэлт гаргасан тухайгаа мэдээллээ.
МҮМУУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд:
-Учирсан хохирол, зардлыг Улсын онцгой комисс төлж барагдуулах уу. Үүнд хариу өгөхийг хүсч байна. УОК-ын орлогч дарга, хошууч, генерал Г.Ариунбуянд МҮМУУХ-ноос хүсэлт гаргасан.
Нэгдүгээрт, шүлхий өвчин бүртгэгдээгүй сумдад тавдугаар сарын 1-нээс эхлэн морины уралдаан зохион байгуулж болох уу. МҮМУУХ-ноос тавдугаар сарын 1-8-ны хооронд улс, аймаг, сумдад нийт 10 Үндэсний морин уралдаан зохион байгуулах шийдвэр гаргаж, бэлтгэл ажилдаа орсон байгаа.
Уяачид тавдугаар сарын 15-наас хойш болох уралдаанд оролцох эсэхдээ эргэлзэж байна. Учир нь, УОК-ын ямар ч тооцоо судалгаагүй, наймын хоногийн өмнө уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг эсэргүүцэж байна. Энэ нь уяачдын эдийн засаг болоод сэтгэл санаанд ихээхэн хохирол учруулж байна гэж бид үзэж байна. Уяач хүүхдийн цалин хөлс цаашлаад морины ажилд уяачид сард 300 мянгаас 1 сая төгрөг зарцуулдаг.
Улсын хэмжээнд нийт 120 мянга гаруй уяач бий. Нэг уяач дунджаар 3-5 сая төгрөгийн зардал, жилдээ 100 сая орчим төгрөгийг мориндоо зарцуулах ч тохиолдол бий шүү дээ.
2018 оноос хойш Үндэсний баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын зарим гишүүд анхаарч ажиллаж ирсэн. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилж байсан “Сэрвээний өндрийг нь хэмжиж морийг уралдуулах” гэх тодотголтой хууль 2021 онд Байнгын хороогоор орж, шинжлэх ухааны үндэслэлгүй, монгол морины эрх ашгийг зөрчиж байна гэж үзэн татан буугдсан.
2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын 57 тоот тогтоолын дагуу Шадар сайдад Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахыг даалгасан. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг боловсруулсан. Өнгөрсөн долоо хоногт өргөн бариад, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болсон байна.
Ийнхүү морьдыг сэрвээний өндрөөр уралдуулахаар хуулин доторх хуульд заль хэрэглэж, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачлаад, унасан заалтыг зүтгүүлэхээр Х.Нямбаатар ажиллаж байна. Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийхийг завдаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Малын халдварт өвчин их гарч байгаатай холбогдуулан Улёын наадам хүртэл морин уралдаан зохион байгуулахыг хориглох нь маш зөв шийдвэр гарчээ уралдаан хаана ч болсон улс орны өнцөг булан бүрээс машинаар ачаад ирдэг учраас өвчин зөөвөрлөгдөх эрсдэлтэй