Хаити улсын нийслэл Порт-о-Пренс хотын төв зам дээр бага оврын онгоц осолдож, улмаар зургаан хүн амиа алджээ.
Тус онгоц нь нийслэлээс хөөрөн, зүүн өмнөд хэсгийн Жакмел боомт хотыг зорьж явсан ч Каррефур орчмын захад осолдсон байна. Тус улсын Иргэний агаарын тээврийн газраас мэдээлснээр, уг онгоц хөөрснөөсөө хойш 20 минутын дараа ослын дохио илгээсэн бөгөөд ослын шалтгаан нь хөдөлгүүрийн доголдолтой холбоотой аж.
Энэхүү ослын үеэр газар дээр байсан хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн байна. Мөн ослоос амьд үлдсэн хүмүүсийн дунд тус онгоцны нисгэгч байсан ч хүнд шархнаасаа болж удалгүй нас баржээ.
Хаитигийн Ерөнхий сайд Ариэль Хенри "Энэхүү эмгэнэлт явдлын улмаас аймшигт зовлонд унасан хохирогчдын ар гэрийнхэнд" эмгэнэл илэрхийлсэн юм.
Тус улс нь сүүлийн жилүүдэд хэд хэдэн байгалийн гамшигт нэрвэгдсэний улмаас дэд бүтэц, эдийн засаг нь их хэмжээгээр хохирсон билээ. Түүнчлэн өнгөрсөн оны 7 дугаар сард Ерөнхийлөгч Жовенел Мойс алагдсаны дараа улс төрийн хямрал үүсэж, гэмт хэргийн бүлэглэлийн хүчирхийлэл улам нэмэгдээд байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.