Цахимаар автомашин зарна хэмээн хүн хулхидаж, мөнгө авч зугтаасан хэрэг гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 15:39 цагт “Фэйсбүүкээр танилцсан хүнээс “Lexus-570” маркийн автомашин худалдаж авахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дэлгүүрт уулзахад миний 40,000 ам.долларыг авч зугтаасан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дээрх гэмт хэргийг илрүүлэхээр Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн болон Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад 27 настай, эрэгтэй “М” гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Улмаар 20-40 насны найман этгээдийг Улаанбаатар хот болон орон нутгаас дайчлан баривчилж, дээрмийн гэмт хэргийн замаар олж авсан 40,000 ам.долларыг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Дээрх этгээдүүд өмнө нь 1-2 удаагийн ял шийтгэл эдэлж байсныг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Иймд иргэдийг бусдаас эд зүйл худалдан авахдаа өөрийн аюулгүй байдалдаа анхаарах, бэлэн мөнгө авч очихгүй байх, зарын бодит байдлыг нягтлах зэргээр гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
7yt