Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нарт шаардлага хүргүүллээ.
Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо:
-2020 оны 11 дүгээр сараас эхлэн улс даяар хөл хорио тогтоосон. Энэ үед хөдөө орон нутгаас Улаанбаатарт төвлөрсөн 110 мянга гаруй иргэдийг Шадар сайд болон УОК-ын тушаалаар орон нутаг руу буцаахаар журам гарсан. Энэ үйл ажиллагаанд 59 ААН-ийн 700 гаруй том оврын тээврийн хэрэгсэл 17 хоног иргэдийг тээвэрлэсэн. Улаанбаатар хотоос суудал дүүргэлт дундуур дээд тал нь 37 хүн суухаар зохион байгуулсан. Иргэдийг тээвэрлэх явцад хүндрэл гарсан. Учир нь орон нутгаас Улаанбаатар хот руу хүн байхгүй. Хотоос орон нутаг руу суудал дүүрэхгүй тээвэрлэлт хийсэн. Бид 65 мянган иргэн, 3600 оюутныг 17 хоног тээвэрлэсэн байдаг.
Тиймээс орон нутгаас хот руу хүн тээвэрлэлгүй хоосон явсан тээврийн хэрэгслийн шатахууны алдагдлыг Төрөөс нөхөн олгож өгөөч гэсэн шаардлагыг тавьсан. Учир нь 59 ААН 1,2 тэрбум төгрөгийн шатахууны алдагдалд орсон. Энэ хохирлыг төрөөс барагдуулах шаардлагатай гэж үзэж байна.
Мөн хот хооронд зорчих хүн байхгүй байгаагаас эдийн засгийн чадваргүй болж байна. Парк шинэчлэлт хийж чадахгүй байна. Тиймээс парк шинэчлэлийн 25 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй олгож өгөхийг хүсэж байна. Хэрвээ энэ хүсэлтийг хүлээж авч чадахгүй гэвэл тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацааг сунгаж өгөх шаардлагатай байна. Энэхүү үндсэн хоёр шаардлагыг УИХ, Засгийн газар, Сангийн яамд хүргүүлж байна.
Хөл хорионы үеэрх тус үйл ажиллагааг зохион байгуулсан АТҮТ, ЗТХЯ, УОК нь Сангийн яам руу тус хохирлыг барагдуулах үндэслэлтэй байна хэмээн хүсэлт явуулсан ч Сангийн яам тодорхой шалтгаангүй татгалзсан хариулт өгсөн байдаг гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.