Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллаж байна. ШӨХТГ-аас хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун товч танилцуулав.
Шадар сайд С.Амарсайхан:
-Инфляцийг бодитой буулгах, үнийн хөөрөгдлийг тогтворжуулах зэрэг ажлыг ШӨХТГ хариуцан ажилладаг. Засгийн газраас ч энэ хүрээнд тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгч ажиллаж байгаа.
Цар тахлын хүнд нөхцөл байдал мөн ОХУ, Украины хоорондын мөргөлдөөнөөс үүдэлтэй үнийн асуудлуудтай Монгол улсын Засгийн газар болон ард иргэд хамтдаа хичээж байгаа.
ШӨХТГ үнийн асуудалд хяналт тавих, аж ахуй нэгжтэйгээ хамтарч ажиллах зэрэг хоёр гол асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөвлөгөөт хяналт, шалгалтыг 3 жилээр хойшлуулах асуудал өчигдөр УИХ-ын чуулган дээр яригдсан. Хэдий тийм ч хэрэглэгчийн амь нас, бусад асуудлыг хохироо гэсэн үг биш. Энэ бол төлөвлөгөөт шалгалт нэрээр шинэ удирдлага, шинэ зохион байгуулалтаар хууль тогтоомжоо бүрэн хэрэгжүүлэх асуудлыг анхаарч, өрсөлдөөний уялдаа, холбоог ойлгож ажиллаарай.
Томоохон үйлдвэрлэл, үйлчилгээний газруудтай хамтарч ажиллах ёстой. Гадаад орчин нөхцөл, ачаа бараа татан авалт, экспорт импортын бараа бүтээгдэхүүний сааталтай байгаа энэ үед яриа, хэлэлцээрийн аргаар хамтарч ажиллах хэрэгтэй.
Цементийн үнэ тодорхой хэмжээгээр буурч байгаа. Голлох хэд хэдэн арга хэмжээг авч ажилласантай холбоотойгоор цементийн үнэ буурсан гэж үзэж байгаа. Засаг, төрөөс авч хэрэгжүүлж байгаа хууль, арга хэмжээний дагуу дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Хууль эрх зүй, зах зээлийн орчноо сайн судалж, бодит газар дээр нь очиж, нээлттэй ажиллахад онцгой анхаарч ажилла хэмээн долоо хоногийн өмнө ШӨХТГ-ын даргаар томилогдсон С.Мөнхчулуун болон тус газрын мэргэжилтнүүдэд анхааруулан хэлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.