Хятадын эрх баригчид коронавирусийн халдварын шинэ давлагааг зогсоох чанга хатуу арга хэмжээнийхээ хүрээнд Шанхай хотын зарим хэсгийн оршин суугчдыг тэр чигээр нь нүүлгэн шилжүүлж байна.
Тухайлбал, тус хотын хойд хэсгийн орон нутгийн оршин суугчдыг 160 км гаруй зайд байрлах тусгаарлалтын байгууламжид шилжүүлэх тушаалыг Коммунист намын албан тушаалтнууд гаргажээ. Иргэдийг Пингван дахь гэрээс нь хөрш зэргэлдээ Жэжян муж руу нүүлгэн шилжүүлэх бөгөөд тэнд дор хаяж долоо хоног байрлуулах аж. Гэвч энэ талаарх мэдэгдэлд, зөвхөн шинжилгээний хариу нь "Сөрөг" гарсан иргэдийг авч явах ба бага насны хүүхэд, өндөр настан болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үлдэж болно гэсэн нь ойлгомжгүй байдал үүсгээд байна.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө, бүс нутгийн эрх баригчид Шанхайн өөр дүүргийн иргэдийг албадан нүүлгэн шилжүүлж, ихээхэн шуугиан дэгдээсэн билээ. Мөн хотын зүүн хэсэгт орших Пудонг орчмын захад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зорилгоор Бэйцай хэсгийн дор хаяж мянган хүнийг түр байр руу нүүлгэжээ.
Эдгээр арга хэмжээ нь Хятадын Засгийн газар Шанхай дахь цар тахлын тархалтыг зогсоохын тулд хэр их хүчин чармайлт гаргахад бэлэн байгааг харуулж байна. Гэвч оршин суугчдын зүгээс чанга хатуу хязгаарлалтуудыг хэрээс хэтэрсэн явдал гэж үзэн, эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байгаа билээ. Шанхайн 25 сая хүн амын дийлэнх нь дөрөв дэх долоо хоногтоо хөл хорионд байгаа ч тус хотод халдварын 400 мянга орчим тохиолдол бүртгэгдээд байна.
Хятадын албаны хүмүүс коронавирусийн халдвар дамжих эрсдэлийг багасгаж, шинэ тохиолдлын тоог 0 хүртэл бууруулах үүрэг хүлээн, ихээхэн дарамт шахалтад ороод байгаа. Коммунист намын маш өндөр албан тушаалтан саяхан Шанхайд айлчилсны дараа хотын эрх баригчид ийнхүү оршин суугчдыг олноор нь нүүлгэх шилжүүлж эхэлжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Короно хаанаас гарсан тэр газраа л дуусаасай
Монголын туршлагаар бол бүгд тусч байж л дуусдаг өвчин дөө хө