“Оюутолгой” ХХК-ийн төв оффисын урд тус компанид ажилладаг ажилтнууд хасагдсан цалин хөлсөө нэмэгдүүлэхээр суулт зарлаж, эсэргүүцлээ илэрхийллээ.
Тэдний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлснээр ажилгүй болно гэсэн тул төлөөлөл болгож, хоёр иргэн мэдээлэл өгсөн юм.
Хөдөлмөрийн тухай хууль өнгөрсөн нэгдүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан уул уурхайн ажилтнуудын цалин хөлс, илүү цаг болон урамшууллын мөнгө хасагдаж, маш хүнд нөхцөлд ажиллаж буйгаа дурдлаа.
“Оюутолгой” ХХК-ийн хувьд үндсэн 2000 гаруй ажилтнаас гадна нь гэрээт, туслан гүйцэтгэгч компанид 10 гаруй мянган ажилтан ажилладаг ажээ.
Хөдөлмөрийн хуульд зааснаар 168 цаг ажиллах ёстой гэж заасны дагуу баяр наадмын амралтын өдөр, илүү цаг, урамшуулал зэргийг хасахаас гадна үндсэн цалинг нь 30 хувиар багасгасан байна.
“Оюутолгой” ХХК-т гэрээт ажилтнаар гурван жил ажилласан иргэн Б.Ононхангай: Ажилтнуудын цалинг хууль бусаар багасгасан учраас цахим хэрэгсэлд өөрсдийн үзэл бодлоор нэгдэж, цалингаа нэмүүлэх ажилтнуудаа дэмжиж ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ ямар ч албажаагүй журмыг үндэслэн илүү цагийн мөнгө, баяр наадмын нэмэгдлийг хасахаас гадна нь үндсэн цалинг хассан. Цалин хасаж буйгаа журам баримталж байгаа гэж тайлбарладаг. Иргэдийн хувьд хэдэн арван сая төгрөгийн цалин авдаг гэж хэлэх байх. Гэвч үйлчилгээнд ажиллаж байгаа олон арван мянган ажилтан 600 мянган төгрөгөөс дээш цалин авдаг. Цаашлаад үндсэн ажилтнуудын цалинг хүртэл багасгасан хэмээн надад хүртэл мэдээлэл ирсэн. Энийг хэлэх зоригтой ажилтан байхгүй учир нь ажлын байрны дарамтаас айдаг.
Туслан гүйцэтгэгч компанид оператор хийдэг Б.Цогбаяр: Үндсэн, туслах компанийн ажилтны үндсэн цалин 30 хувиар буурсан. Бид гүний уурхайд өдрийн 12 цаг ажилладаг хэрнээ энгийн цагаар тооцуулан цалингаа авдаг. Нэг цагийн үнэлгээ 3 ам.доллар байдаг. Дэлхийн томоохон жишиг уурхай гэдэг мөртлөө хөдөлмөрийн мөчлөг явуулж байна. Компанийн дотоод журамд бусдыг турхирсан гэж үзэх тул ажилтнууд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байна. Урьд нь 28 хоног ажиллаад илүү цаг энтэрээ тооцуулаад 4 сая гаруй төгрөгийн цалин авдаг байсан бол одоо 1.7 сая төгрөгийн цалин авч байна. Гүний уурхайд маш хортой нөхцөлд ажиллаж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.