АНУ-ын Кентакки мужийн "Gravity Diagnostics" компанийн ажилтан сэтгэл түгших эмгэгийнхээ улмаас удирдлагуудаасаа өөрт нь зориулж төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулахгүй байхыг хүссэн ч тэд хүсэлтийг нь биелүүлээгүй байна. Улмаар их хэмжээний стресс, сандралд орсон тус эрэгтэй нь шүүхэд нэхэмжлэл гаргасны үр дүнд 450 мянган ам.долларын нөхөн төлбөр авчээ.
Нэхэмжлэгч Кевин Берлинг нь 2019 онд болсон энэхүү үйл явдлын улмаас сандрах эмгэгийн хэд хэдэн дайралтыг мэдэрсэн бөгөөд компанийн зүгээс түүнийг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Гэвч тус компанийн удирдлагууд үүнийг няцаасан юм.
Тодруулбал, ноён Берлинг өөрт нь зориулж гэнэтийн үдэшлэг хийвэл сэтгэл нь түгшиж, хүүхэд насны таагүй дурсамж нь сэргэж болзошгүй гэж үзсэн тул менежертээ энэ талаар урьдчилж мэдэгдэн, зохих хүсэлтийг тавьжээ. Гэвч удирдлагууд нь түүний хүсэлтийг үл харгалзан төрсөн өдрийн арга хэмжээ зохион байгуулах үед тэрээр сандралд орж, ажлын байрнаасаа гаран, автомашиндаа өдрийн хоолоо идэж дуусгасан аж.
Гэвч маргааш нь түүний менежер энэ явдлын талаар хурал дээр хэлэлцэж, Берлингийг "хамтран ажиллагсдынхаа баяр баясгаланг хулгайлсан", "бяцхан охин шиг аашилсан" гэж буруутган, шүүмжилсэн байна. Хурцадмал нөхцөл байдлын улмаас сандрах эмгэгийн дайралтад дахин өртсөн түүнийг дараагийн хоёр өдөр нь ажилдаа ирэхгүй байхыг хүссэн бөгөөд улмаар ажлаас нь халжээ.
Тэгвэл өнгөрсөн 3 дугаар сарын сүүлчээр болсон шүүх хурлын үеэр шүүгч түүний талд шийдвэрлэж, сэтгэл санааны хохиролд нь 300 мянган ам.доллар, алдсан цалинд нь 150 мянган ам.долларын нөхөн төлбөр олгуулахаар болсон байна.
Харин "Gravity Diagnostics" компани ноён Берлингийг халах шийдвэрээ зөв гэж үзсээр байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандахаар төлөвлөж байгаа аж. Тус компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Жули Бразил "Кевин Берлинг ажлын байран дахь хүчирхийллийн эсрэг дүрмийг зөрчсөн. Энэ хэргийн хохирогч бол тэр биш, харин манай ажилтнууд байсан" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.