ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын онц чухал мэдээллийн дэд бүтцийн технологийн хараат бус байдлыг хангах салбар хоорондын комисс байгуулж, тэргүүнээр нь Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийг томилжээ.
Тус комисс нь онц чухал мэдээллийн дэд бүтцийн импортыг орлох чиглэлээр төрийн бодлого боловсруулах үүрэгтэй бөгөөд ийм төрлийн технологийн бие даасан байдлыг баталгаажуулж, дотоодын радио электрон бүтээгдэхүүн, техник хэрэгсэл, программ хангамж, техник хангамжийн систем, мэдээллийн дэмжлэгээр хангах аж.
Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй объектууд нь төрийн байгууллага, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын аж ахуйн нэгж, эрүүл мэндийн байгууллага, тээвэр, харилцаа холбоо, зээл, санхүүгийн салбар болон эрчим хүч, түлш, пуужин ба сансар огторгуй, уул уурхай, металлурги, хими, цөмийн үйлдвэрлэлийн мэдээллийн системүүд юм.
Нийт 27 гишүүнтэй комиссын бүрэлдэхүүнд Холбооны аюулгүй байдлын алба, Батлан хамгаалах яам, Гадаад тагнуулын алба, Дотоод хэргийн яам, Онцгой байдлын яам, Аж үйлдвэр, худалдааны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Тээврийн яам, Сангийн яам, Дижитал хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, ОХУ-ын Төв банк, Холбооны гаалийн алба, Росатом, Роскосмос, Ростек болон бусад албаны тэргүүнүүд багтсан аж.
Ерөнхийлөгч асан Медведев өнгөрсөн оны 2 дугаар сард "ОХУ дэлхий нийтийн интернэтээс салахад хууль эрх зүйн болон технологийн хувьд бэлэн" хэмээн мэдэгдээд байсан билээ. Украин дахь цэргийн үйл ажиллагаа эхэлснээс хойш Орос улсад "Twitter", "Facebook" зэрэг олон нийтийн сүлжээг хориглосон ба Оросын төрийн байгууллагуудыг "Telegram", "ВКонтакте" зэрэг дотоодын платформыг ашиглахыг уриалсан байна.
Эх сурвалж: The Moscow Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.