СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-04-18

УНТЭ-ийн нүдний эмч нар мэс заслын ур чадвар хөгжүүлэх лабораторитой боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийнхан нүдний бичил мэс заслын ур чадвараа хөгжүүлэх, дадлагажих төвтэй боллоо.

Тодруулбал, Канад улсад төвтэй “Laurel Surgical Foundation”-тай хамтарч 2015 оноос хойш хэрэгжүүлж буй Монгол-Канад эмнэлгийн төслийн хүрээнд нүдний бичил мэс заслын ур чадварыг хөгжүүлэх төвийг байгуулж, багаж тоног төхөөрөмжийг хандивлах ёслолын үйл ажиллагаа болов.

Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны холбогдох хүмүүс, Канад улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Катрин Ивкоф, Монгол-Канадын эмнэлгийн төслийн удирдагч, Лаурел Мэс Заслын сангийн захирал, Бритиш Колумбиагийн их Сургуулийн нүд судлал, харааны шинжлэх ухааны тэнхимийн профессор Хью Парсонс болон бусад холбогдох төлөөлөгчид оролцлоо.

Нүдний бичил мэс заслын ур чадварыг хөгжүүлэх төв нь нойтон болон хуурай буюу виртуал төхөөрөмж ашиглан дадлага хийх боломжтой хосолсон лабораторитой аж.

Төвийг байгуулахад Монгол-Канадын эмнэлгийн төслөөс 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий  тоног төхөөрөмж хандивлаж өрөөг шинэчлэн тохижуулжээ. Хөгжүүлэх төвтэй болсноор резидент эмч нар мэс заслын нарийн арга барилд суралцаж дадлага хийх боломжтой болох юм байна.  Ингэснээр мэс заслын үеийн эрсдэл буурах чухал ач холбогдолтой аж.

Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын эмч С.Энхтуул

“Нүдний бичил мэс засал нь эмчээс нарийн ур чадвар, дадлага, туршлага шаарддаг. Нүдний бичил мэс заслын ур чадварыг хөгжүүлэх төвтэй болсноор резидент эмч нар дадлага хийх боломж бүрдэж байна. Тодруулбал, нойтон лабораторид малын нүдэн дээр мэс засал хийж дадлагажина. Тэгэхээр шинэ эмч нар хүний нүдэнд хагалгаа хийхэд хэдийн дадлага туршлагатай болсон байх юм. Үүнийгээ дагаад хагалгааны үеийн эрсдэл буурч эмч нарын ур чадвар дээшилнэ” гэв.

Энэхүү .

Тухайлбал, УНТЭ, ХСҮТ, Говь-Алтай, Архангай, Өмнөговь аймгийн нэгдсэн болон БОЭТ-үүдэд нүд судлал, цээжний хөндийн хавдрын мэс засал, толгой хүзүүний хавдрын мэс засал, хавдрын мэс заслын өмнөх болон дараах сувилахуй, гэсэн сургалтын чиглэлээр хэд хэдэн ажлыг гүйцэтгэжээ.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш “Laurel Surgical Foundation” нь УНТЭ-ийн Нүд судлалын тасгаас торлог шилэнцрийн эмч, ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгаас нэг эмчийг Канад улсын Бритиш Колумбиагийн Их сургуульд сургаж төгсгөсөн байна. Түүнчлэн төслийг хамтран хэрэгжүүлж буй “Laurel Surgical Foundation” нь үндэсний хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч бэлтгэснээс гадна тухайн чиглэлийн мэс заслыг улсын эмнэлгүүдэд хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд 2.5 тэрбум төгрөгийн багаж тоног, төхөөрөмж хандивлажээ.

Мөн эрүүл мэндийн чанар хүртээмжийг сайжруулах, чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх хүрээнд резидентийн сургалтын чанарыг сайжруулж, олон улсын түвшинд хүргэхийн тулд “International Council of Ophthalmology”-ийн хөтөлбөрийн дагуу шинэчлэн боловсруулж батлуулахад бэлэн болгоод байгааг байгаа аж.

Цаашид төслийг үргэлжлүүлэн нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах, нүдний нөхөн сэргээх мэс засалч, торлог шилэнцэрийн мэс засалч зэрэг нарийн мэргэжлийн эмчийг өндөр хөгжилтэй оронд сургаж бэлтгэхэд хамтран ажиллах юм байна. Мөн шаардлагатай оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, алслагдсан бүс нутгийн иргэдийг нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд хамруулах, резидентийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаар төлөвлөж байгааг Монгол-Канад эмнэлгийн төслийнхөн онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 77 (6809)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.