БНХАУ-ын Шанхай хотод коронавирусийн шинэ тохиолдлын тоо хурдацтай нэмэгдсээр байгаа тул орон сууцны барилгуудыг тусгаарлалтын төв болгон хувиргаж байгаа бөгөөд энэ алхам нь иргэдийн уур бухимдал, эсэргүүцлийг өдөөгөөд байна.
Жишээлбэл, хотын эрх баригчид "Zhangjiang" группийн эзэмшлийн орон сууцны хорооллын таван барилгыг тусгаарлах байгууламж болгон өөрчилсөн бөгөөд дахин есөн барилгыг хамруулж магадгүй гэж мэдэгдсэн байна. Үүний улмаас, 39 түрээслэгчийг хорооллын бусад хэсэгт нүүлгэн шилжүүлж, нөхөн төлбөр олгохыг санал болгосон аж.
Хамгаалалтын хувцасныхаа ард "Цагдаа" гэсэн бичигтэй 30 орчим хүн тус орон сууцны оршин суугчидтай мөргөлдөж, нэг хүнийг саатуулж буйг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тархан, ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Өвчтөнүүдтэй ойрхон амьдарснаар вирусийн халдвар авах вий гэж эмээж буйгаа илэрхийлсэн оршин суугч эмэгтэй "Энэ газар тусгаарлалтын төв болоход огт тохиромжгүй. Би улс оронтойгоо хамтран ажиллахыг хүсэхгүй байгаа юм биш, гэхдээ аравхан метрийн зайтай амьдардаг оршин суугчдын шинжилгээний хариу бүгд "Сөрөг" гарсан байхад халдвар авсан хүмүүсийг оруулж ирвэл танд ямар санагдах вэ?" хэмээн "Reuters" агентлагт хэлжээ.
Хятадын "Тэг Ковид" бодлогын хүрээнд, шинжилгээний хариу нь "Эерэг" гарсан хүн бүр тусгаарлалтын цэгт байрлах ёстой бөгөөд хөршүүд нь 14 хоногийн турш гэрээсээ гарч болохгүй юм. Энэ болон бусад чанга хатуу дүрэм журмын улмаас олон нийтийн дунд коронавирусийн халдварын үр дагавартай холбоотой айдас үүсээд байгаа билээ.
Хятадын Ухань хотод цар тахлын анхны тохиолдол илэрснээс хойш Шанхай хот халдварын дэгдэлтийн хамгийн том голомт болоод байгаа ба тус хотод өнгөрөгч 3 дугаар сараас хойш 300 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Улмаар хотын эрх баригчид сургууль, шинээр баригдсан орон сууцны хороолол болон үзэсгэлэнгийн танхимуудыг тусгаарлалтын төв болгон хувиргаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт 100 гаруй байрлалд 160 мянга гаруй ор байршуулжээ.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.