Германд "иргэний дайны нөхцөл байдал" бүрдүүлж, ардчиллыг унагахаар төлөвлөж байсан дөрвөн этгээдийг баривчилсан гэж орон нутгийн цагдаа нар мэдээлжээ. Тэд мөн тус улсын Эрүүл мэндийн сайд Карл Лаутербахыг барьцаалахаар зэхэж байсан аж.
Прокуроруудын хэлснээр, коронавирусийн хязгаарлалтуудын эсрэг хөдөлгөөнд холбогдсон, хэт барууны үзэлтэй тус бүлэглэлийн гишүүдийг албаныхан өнгөрөгч лхагва гарагт хэд хэдэн тусгай ажиллагааны хүрээнд баривчилсан байна. Тэдний байрлаж байсан газраас мөн олон тооны галт зэвсгийг хурааж авсан бөгөөд нийт 20 мянган еврогийн үнэ бүхий алтан гулдмай, бэлэн мөнгийг олжээ.
41-55 насны дөрвөн этгээдийг Германы төрд аюул учруулахуйц ноцтой хүчирхийлэлд бэлтгэж, зэвсгийн хяналтын хуулийг зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа юм. Харин тав дахь сэжигтнийг эрин сурвалжилсаар байгаа гэж цагдаа нар тэмдэглэжээ. Түүнчлэн тус бүлэгтэй холбоотой байж болзошгүй 12 хүнийг илрүүлсэн болохыг мөрдөн байцаагчид мэдэгдсэн байна.
Өөрсдийгөө "Нэгдсэн эх орончид" гэж нэрлэсэн гэмт бүлэглэл нь "Рейхийн иргэд" бүлгийн нэг хэсэг бөгөөд гишүүд нь одоогийн Герман улсыг хууль ёсны гэж үзэхээс татгалзан, Засгийн газраас тогтоосон цар тахлын эсрэг арга хэмжээг эсэргүүцдэг гэж прокурорууд тэмдэглэсэн юм.
"Report Mainz" мэдээллийн хөтөлбөрт дурдсанаар, тус бүлэглэл нь Герман даяарх цахилгаан станц болон эрчим хүчний шугамуудад халдаж, тус улсын эрчим хүчний дэд бүтцийг сүйтгэхийг зорьж байжээ. Ийнхүү урт хугацааны турш цахилгааны тасалдал үүсгэх нь "иргэний дайнтай төстэй нөхцөл байдлыг үүсгэж, эцэст нь Герман дахь ардчилсан тогтолцоог нураах зорилготой" аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.