ОХУ-ын "Москва" байлдааны хөлөг онгоц өнгөрөгч лхагва гарагт дэлбэрэлтийн улмаас эвдрээд байсан бол өнөөдөр живсэн болохыг тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Оросын Хар тэнгисийн флотын тэргүүлэгч "Москва" хөлөг онгоцыг боомт руу чирч байх үеэр далайн шуурга дэгдэж, улмаар тус онгоц живсэн гэж албаныхан тайлбарласан байна. 510 багийн гишүүний бүрэлдэхүүнтэй уг байлдааны хөлөг онгоц нь Оросын цэргийн хүчний бэлгэ тэмдэг байсан бөгөөд Украины эсрэг тэнгисийн цэргийн довтолгоог тэргүүлж байсан юм.
Украины цэргийн хүчин тус хөлөг онгоцыг орон нутагтаа үйлдвэрлэсэн "Нептун" пуужингаар цохисон гэж Киевийн эрх баригчид зарласан бол Москвагийн зүгээс ямар нэгэн халдлага гараагүй гэж онцолсон билээ. Оросын албаны хүмүүсийн хэлснээр, хөлөг онгоц дээр гал гарсны улмаас томоохон дэлбэрэлт үүссэн бөгөөд багийн бүх гишүүнийг ойролцоох Оросын хөлөг онгоцнууд руу нүүлгэн шилжүүлсэн аж.
Анх Зөвлөлтийн үед баригдсан "Москва" хөлөг онгоц нь 1980-аад оны эхээр ашиглалтад орсон бөгөөд Украин дахь түрэмгийллээс өмнө Сирийн мөргөлдөөнд зүтгэж, Оросын армийг тэнгисийн цэргийн хамгаалалтаар хангаж байжээ.
Хэрэв Украины цохилт батлагдвал 12,490 тонн жинтэй "Москва" нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дайсны үйл ажиллагааны улмаас живсэн хамгийн том байлдааны хөлөг болох юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жинхэнэ дайн хийхгүй маяглаад янцаглаад байхаар ингэдэг юм. Зүгээр л шууд хуйхлаад үнс нурманд нь хутгаад өгөөч дээ. Их барьсан ч өмхий. БАГА БХРЬСАН Ч ӨМХИЙ