Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдон, хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгуулж буй, УИХ-ын 2-3 гишүүнийг яллагдагчаар татах саналыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн НПГ-ын хяналтын прокуроруудад хүргүүлжээ.
Баттай эх сурвалжуудын мэдээлснээр 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшин сонгогдсон Г.Амартүвшин, Баянгол дүүргийн сонгогчдын итгэлийг хүлээсэн Х.Ганхуяг, Дархан-Уул аймгаас УИХ-ын гишүүн болсон Г.Дамдинням нарт нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийн нотлох баримтуудад үндэслэн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах санал гаргасан байна. АТГ-ын ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт Х.Ганхуягийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид, түүний эгчийн удирддаг компанийн байранд нэгжлэг хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ бүгдээс цуглуулсан нотлох баримтдаа үндэслэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргасан гэнэ. Тэдний хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
Харин УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах ажиллагаа хараахан дуусаагүй, үргэлжилж буй юм.
Мөн АН-ын нөлөө бүхий улстөрчдийн нэг, Орхон аймагт бие даан нэр дэвшиж сонгогдсон, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах санал НПГ-т байгуулсан, Хөгжлийн банкны гэх хэрэгт хяналт тавих прокурорын ажлын хэсэгт хүргүүлэхээр болжээ. Хэдийгээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Би Хөгжлийн банкнаас зээл авсан асуудалд ямар ч хамаагүй” хэмээн мэдэгдэж буй ч түүнийг яллагдагчаар татаж шалгах үндэслэл бүрдсэн учраас АТГ-ынхан санал хүргүүлсэн байна. Түүнийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн дээр дурдсан зүйл ангийн дагуу яллагдагчаар татах санал хүргүүлсэн гэнэ.
Нэр бүхий гишүүд мөрдөн шалгах ажиллагаанд учруулсан нөхцөл байдал бий болсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах санал хяналтын прокурорууд Улсын ерөнхий прокурорт гаргах, эсэх, цаашлаад УИХ-д тэдний нэрийг өргөн барих, үгүй нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Нэр бүхий зарим цахим мэдээллийн хэрэгсэл болон УИХ-ын нэгэн гишүүн Хөгжлийн банкны гэх хэрэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн нэрийг холбогдуулан бичсэн. АТГ болон прокурорын байгууллагын ажлын хэсгийнхнээс энэ талаар тодруулахад “Түүнийг Хөгжлийн банктай холбоотой ямар нэг хэрэг, үйлдэлд холбогдуулан шалгасан зүйл одоогоор байхгүй. Ташаа мэдээлэл цацаж байгаа бололтой” хэмээсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тоон дотор үсэг гэж Н.Алтанхуяг ерөнхий сайдыг нам дамнасан бүлэглэл огцруулаад санасан бүх луйвараа утсан хүүхэлдэй Сайханбилэгээр хийлгээд МАН мэдсээр байж хил давуулан бултуулсан нь ард түмний нүдэн дээр болсон түүх. Улс төр гэдэг юмыг нь ойлгохгүй юмоо.