Сангийн сайд Б.Жавхлан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авах арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байна. Уг концессын гэрээ 2018 онд зургаан ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээний үүрэг хүлээсэн байдаг. Гэвч гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй байна. Энэ бол Хөтөл цемент шохойн асуудлаас өөр хэрэг. Дарханы төмөрлөгийн үйлдвэр одоог хүртэл төрийн мэдэлд байгаа. Гагцхүү концесс эзэмших хугацаандаа “Кью Эс Си” ХХК гэрээнд дурдсан үйлдвэрүүдийг барьж байгуулах, төмөрлөгийн эцсийн бүтээгдэхүүнийг гаргах үүргээ биелүүлээгүй тул концесс цуцлах шийдвэр гаргаж байна.
Тус шийдвэрийг гаргах өөр нэг үндэслэл нь АТГ-аас Засгийн газарт мэдэгдэл ирүүлсэн. Уг мэдэгдэлд "Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг байгуулагдаад удаагүй, туршлагагүй "Кью Эс Си" ХХК-тай байгуулах дүгнэлтийг хөрөнгө оруулах сонгон шалгаруулалтын ажлын хэсгээс гаргахдаа холбогдох хууль зөрчсөн болох нь тогтоогдсон" гэсэн байна. Ингээд концессын гэрээг цуцлахыг мэдэгдсэнээр Засгийн газар шийдвэр гаргасан байгаа. "Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкнаас зээл авснаас Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК аваагүй. Тиймээс тус компани зээлээ өөрөө төлөх үүрэгтэй.
Тус үйлдвэр ихээхэн алдагдалтай ажиллаж байгаа. Санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт оруулна. Төрөөс удирдах багийг томилж, цаашдаа ажиллах болно.
Одоогийн байдлаар экспортод 8 сая тонн түүхий төмрийн хүдрийг гаргасан байна. Одоогийн үнэ цэнээр бодвол маш их мөнгө. Тухайн үеийн ханшаар 1,4-1,8 их наяд төгрөгийн ашиг олсон байна. Төмөрлөгийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал манай төмрийн хэрэгцээний 30 хувийг дангаараа хангах боломжтой. Энэ хүчин чадлыг бүрэн ашиглах хэрэгтэй. Арматур төдийгүй бусад төмрийн хэрэгцээний бүхий л нөөцийг хангах боломжтой гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.