Хөгжлийн банкны гэх хэрэгт шалгуулж буй МАН-ын гишүүнчлэлтэй УИХ-ын гишүүдтэй хамт АН-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор өргөн барьж болзошгүй гэх мэдээлэл цацагдах болсон. Хэдийгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал мөрдөн шалгах байгууллагаас хүргүүлээгүй ч зарим хэвлэлд түдгэлзүүлэх магадлалтай хэмээн УИХ-ын гишүүдийн нэрсийг бичиж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч саяхан “Хөгжлийн банкны араас “Эрдэнэс Монгол”-ын асуудлыг сөхнө. Нүүрс тээвэрлэдэг автомашинтай гишүүдийн бодит кейс нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн” хэмээн тодотгон хэвлэлийн хурлаар мэдэгдсэн.
Бидэнд олдсон мэдээллээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох, НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгосон байна. Ингэснээр А.Адъяасүрэнд дахиад яллагдагчаар татах тогтоол үйлдэж, танилцуулахаар болжээ. Гэвч тэрбээр бас л уг тогтоолтой танилцаагүй байна. Тодруулбал, “хөдөө орон нутагт буюу тойрогтоо ажиллаж байна” гэсэн тайлбар хэлсэн гэнэ.
Тэрбээр өмнө нь мөн л яллагдагчаар татах тогтоолтой танилцахгүй байсаар, эцэстээ тухайн үед ажиллаж байсан НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржид хандаж, уг тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг тэрбээр хянаад эрүүгийн 2041000160196 дугаартай хэрэгт А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон юм.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын 680 ачааны автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габит гэх хүнээр дамжуулан 2020 оны гуравдугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100 000 ам.доллар өгсөн хэрэгт холбогдуулан түүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.
Г.Доржпаламыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж, хэргийг нь тусгаарлан шүүхэд шилжүүлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан. Тэрбээр “А.Адъяасүрэн утсаар ярьсны дагуу хүргэнээ явуулж мөнгө авхуулсан. Хүргэн над руу ярьж мөнгө авчихлаа, одоо яах вэ гэж байсан” хэмээн мэдүүлсэн байдаг. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Доржпаламд холбогдох хэргийг өнгөрсөн оны зургадугаар сард хянаад А.Адъяасүрэнгийн оролцоог тогтоолгохоор нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Улмаар прокурорын байгууллагаас зөвхөн УИХ-ын гишүүнд төдийгүй түүний үүсгэн байгуулсан, нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг ч Эрүүгийн хуулийн 22.5-3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол...” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол НПГ-ын хяналтын прокурор баталсан гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ бодит мэдээдэл байна тэр компанид хэн хэн ажилладаг хаана байдгийг надаас асууж болно